Энэ сарын 3-наас 5-ны өдрүүдэд Гүрж улсын Тбилис хотноо жүдо бөхийн Тбилисийн их дуулга тэмцээн зохион байгуулагдана.
Хэдийнээс жүдо бөхөөр дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд зүй ёсоор нэрлэгддэг Гүрж улсын хувьд нутагтаа жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Тбилисийн гран при тэмцээнээ өнгөрсөн оноос их дуулга ангиллаар зохион байгуулах болсон юм. Хоёр дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй Тбилисийн их дуулга тэмцээнд урьдчилсан байдлаар 38 орны 285 тамирчин оролцох мэдүүлгээ өгөөд байна. Мэдээж тэмцээнийг зохион байгуулагч эзэн орон Олимп, дэлхийн аварга Лаша Шавдатуашвили тэргүүтэй хамгийн олон буюу эрэгтэй 28, эмэгтэй 11 буюу нийт 39 тамирчин оролцуулж байна.
Зургаадугаар сарын 24-26-ны өдөр Монгол улсад "Улаанбаатар Их дуулга" тэмцээн зохион байгуулагдах тул энэ удаагийн Тбилисийн их дуулгыг өнжиж байгаа юм.
Жудо сонирхогчдын анхаарлын төвд ямагт байдаг олимпын хүрэл, дэлхийн хошой аварга Украины Дариа Билодид "Токио-2020" олимпын наадмын дараа жин өгсөн -57кг жинд барилдах болсон ба энэ удаад ч тус жинд хүч үзэхээр мэдүүлгээ өгөөд байна. Ердөө сарын өмнө Европын аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар тойрогт "Лондон-2012" олимпын наадмын хүрэл медальт Францын П.Гнетод ялагдан тэмцээнээ дуусгасан юм.
Тэмцээний хуваарь: /Улаанбаатарын цагаар/
Зургаадугаар сарын 2 /Пүрэв гараг/
18:00 цагт сугалаа явагдана.
Зургаадугаар сарын 3 /Баасан гараг/
14:00 цагт: Эмэгтэйчүүдийн -48кг, -52кг, -57кг, эрэгтэйчүүдийн -60кг, -66кг жингийн хэсгийн барилдаан.
21:00 цагт: Дээрх жингийн шигшээ барилдаан явагдана.
Зургаадугаар сарын 4 /Бямба гараг/
14:00 цагт: Эмэгтэйчүүдийн -63кг, -70кг, эрэгтэйчүүдийн -73кг, -81кг жингийн хэсгийн барилдаан.
21:00 цагт: Дээрх жингийн шигшээ барилдаан явагдана.
Зургаадугаар сарын 5 /Ням гараг/
14:00 цагт: Эмэгтэйчүүдийн -78кг, +78кг, эрэгтэйчүүдийн -90кг, -100кг, +100кг жингийн хэсгийн барилдаан.
21:00 цагт: Дээрх жингийн шигшээ барилдаан явагдана.