Сонсголын бэрхшээлтэй иргэдийн спортын зуны XXIV олимпын наадам /дифлимп/ Бразилын Кашиас-ду-Сул хотод зохион байгуулагдаж байна.
73 орны 2400 тамирчин оролцож буй 24 дэх удаагийн дифлимпын наадамд манай улсаас найман тамирчин хүч сорин өрсөлдөж байгаагаас чөлөөт бөхийн төрлөөр Өвөрхангай аймгийн тамирчин, "Самсун-2017" дифлимпийн мөнгөн медальт, дифийн өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга, Намдагдоржийн Эрхэмбаяр 65 кг жинд алтан медаль хүртэж Монгол Улсын алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлээ.
Н.Эрхэмбаяр шөвгийн наймд Казахстаны Пернешийг 9:6-аар, хагас шигшээд дөрвөн жилийн өмнө Самсуны дифлимпод ялагдаж байсан Ираны Ростамабадиг 9:1-ээр, финалд Кыргыстаны Исаковыг 14:4-өөр ялснаар чөлөөт бөхийн төрөлд дифлимпийн анхны аварга болов. Монголын тамирчдаас дифлимпод "Тайпей-2009" гавьяат тамирчин Дамдины Очбадрал жүдо бөхийн төрөлд анхны алтан медалийг авчирч байсан бөгөөд ийнхүү 13 жилийн дараа Н.Эрхэмбаяр чөлөөт бөхөөр хоёр дахь алтан медалийг эх орондоо авчирч байна.
Түүнээс гадна өмнөх димфлимпын мөнгөн медальт Д.Чинзориг 70 кг жинд 7, хүрэл медальт Ш.Батбаатар 74 кг 5 дугаар байрт тус тус орлоо.
Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбооны нийгмийн сүлжээ