Жүдо бөхийн Анталя их дуулга тэмцээн өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдана.
63 орны 525 жүдоч хүч бол Монгол улсаас олимпын мөнгө, дэлхийн аварга С.Моллай тэргүүтэй эрэгтэй 12, эмэгтэй зургаа буюу нийт 18 жүдоч хүч үзнэ. Манай баг, бүрэлдэхүүний мэдээлэл болон эхний өдөр зодоглосон бөхчүүдийн оноолтыг ЭНД дарж үзнэ үү.
Анталя их дуулга тэмцээний эхний өдөр манай улсаас найман бөх зодоглосноос эмэгтэйчүүдийн -48кг жинд Г.Наранцэцэг алт, Б.Баасанхүү мөнгөн медаль хүртэж эрэгтэйчүүдийн -66кг жинд Ё.Басхүү, эмэгтэйчүүдийн -52кг жинд Б.Хорлоодой нар шагналт байранд шалгарлаа. Их дуулга ангиллын тэмцээнээс анхны алтан медалиа хүртсэн Г.Наранцэцэгийн бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.
Тэгвэл өнөөдөр тэмцээний хоёр дахь өдөр Улаанбаатарын цагаар 14 цагт эрэгтэйчүүдийн -73, -81, эмэгтэйчүүдийн -63, -70 жингүүдийн барилдаан явагдана. Манай улсаас олимпын мөнгө, дэлхийн аваргын алт, хүрэл медальт Саед Моллай тэргүүтэй манай таван бөх зодоглоно.
Эрэгтэйчүүдийн -73кг жин: В хэсэгт энэ оны Португалийн гран при тэмцээний хүрэл медальт Л.Анхзаяа эхний тойрогт гоц мөргөсөн бол D хэсэгт залуу мастер О.Уранбаяр эхний тойрогт Папуа Шинэ Гвиней улсын жүдочтой оноолт таарсан байна.
Эрэгтэйчүүдийн -81кг жин: С.Моллай аварга В хэсгийн тэргүүлэн барилдах тул эхний тойрогт гоц мөргөж байгаа бол залуу мастер Б.Эрдэнэбаяр С хэсэгт эхний тойрогт Португалийн бөхтэй оноолт таарсан байна.
Эмэгтэйчүүдийн -70кг жин: Ц.Энхчимэг эхний тойрогт гоц мөргөж улмаар хоёрдугаар тойрогт тус жингийн В хэсгийг тэргүүлэн барилдаж буй Тел Авив, Дюсселдорф, Абу Дабыгийн их дуулга тэмцээнүүдийн мөнгөн медальт Германы М.Буткереиттэй барилдах оноолттой байна.