Жудо бөхийн Тел Авивын их дуулга тэмцээний эхний өдрийн хэсгийн барилдаанууд явагдаж дууслаа.
Өнөөдөр тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор эрэгтэйчүүдийн -60, -66, эмэгтэй -48, -52, -57 кг-ын жингийн барилдаан явагдаж байгаа ба манай улсаас ОУХМ Г.Хэрлэн нарын зургаан бөх барилдаж гурван бөх медалийн төлөө барилдахаар боллоо.
Тодруулбал:
Эрэгтэйчүүдийн -60кг жинд: Португалийн Гран Пригийн хүрэл медальт Б.Цогт-Очир эхний тойрогтоо өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт Италийн Д Анжело Биажог, хоёрдугаар тойрогт С хэсгийг тэргүүлэгч өнгөрсөн оны Антальягийн Гранд Сламын аварга Бельгийн Жорре Верстраетенг, хэсгийн аваргын төлөө хэдхэн хоногийн өмнө Парисын их дуулга тэмцээнд түрүүлсэн Азербайжаны А.Балбайг тус тус ялж хагас шигшээд шалгарсан юм. Хагас шигшээ барилдаанд Украины Л.Артемд ялагдан хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Хүрэл медалийн төлөө Мастерсийн хүрэл медальт Нидерландын Ц.Торникетэй барилдана.
Эрэгтэйчүүдийн -66кг жинд: 2021 оны ДАШТ-ээс хойш олон улсын тэмцээнд оролцоогүй байсан Г.Хэрлэн эхний тойрогт гоц мөргөөд хоёрдугаар тойрогт Узбекистаны Бобур Яджиевийг, хэсгийн аваргын төлөөх барилдаанд Украины Богдан Ядовыг тус тус ялж мөн л хагас шигшээд барилдах эрхтэй болсон юм. Хагас шигшээ барилдаанд Азербайжаны залуу бөхөд ялагдан хүрэл медалийн төлөө Францын Б.Дайкитэй барилдана.
Эмэгтэйчүүдийн -48кг жинд: Парисын “Их дуулга”-аас мөнгөн медаль хүртсэн Б.Баасанхүү эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогт 2021 оны залуучуудын дэлхийн аварга, 2021 оны Абу Дабигийн Их дуулгын аварга Италийн Скутто Ассунтаг, хэсгийн аваргын төлөө эзэн орны бөх Шира Ришонид ялагдан дагах барилдаан хийлээ. Дагах барилдаанд Чилийн бөхийг ялж хүрэл медалийн төлөө Сербийн Н.Миликатай барилдана.