Жүдо бөхийн Парисын их дуулга тэмцээний эхний өдөр манай баг, тамирчид иж бүрэн медаль хүртэж медалийн чанараар тэмцээнд оролцож буй 52 орноос хоёрдугаар байрт эрэмбэлэгдэж байгаа бол Япон улсын баг, тамирчид дөрвөн алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байна.
Энэ удаагийн Парисын их дуулга тэмцээнд манай улсаас олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар тэргүүтэй 13 жүдоч зодоглож байгаа ба манай баг, бүрэлдэхүүний мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Тэмцээний эрэгтэйчүүдийн -60 кг, -66 кг, -73 кг, эмэгтэйчүүдийн -48 кг, -52 кг, -57 кг, -63 кг жинд манай улсаас олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар тэргүүтэй найман бөх барилдаж ОУХМ Ё.Басхүү алт, Б.Баасанхүү мөнгө, Ц.Цогтбаатар хүрэл, Л.Энхрийлэн, Б.Хорлоодой нар шагналт байранд орлоо.
Спорт мэдээ, мэдээллийн www.livetv.mn/sport суваг медаль хүртсэн тамирчдынхаа бүх барилдааны бичлэгийг цувралаар хүргэдэг уламжлалтай. Их дуулга ангиллын тэмцээнээс анхны алтан медалиа /нийт долоо медаль/ хүртсэн Ё.Басхүүгийн бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү. Эмэгтэйчүүдийн -48кг жинд мөнгөн медаль хүртсэн ОУХМ Б.Баасанхүүгийн бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.
Эрэгтэйчүүдийн -73кг жингийн С хэсгийг олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар тэргүүлэн барилдаж эхний тойрогт Африкийн наадам болон тивийн АШТ-ий хошой хүрэл медальтай Аден Александр Хуссейнийг 58 секундэд цэвэр яллаа.
Хоёрдугаар тойрогт Польшийн Виктор Мровзинскиг ялж хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй боллоо.
Хэсгийн аваргын төлөө олимпын аварга Италийн Фабио Басилед ялагдан дагаж барилдахаар болсон юм. Ц.Цогтбаатар Ф.Басиле аваргыг 2018 оны Парисын их дуулга тэмцээнд ялж байсан удаатай.
Дагах барилдаанд Гамбиагийн Файе Нжиег даралтаар цэвэр ялж хүрэл медалийн төлөө хүч үзэхээр шалгаран үлдлээ.
Хүрэл медалийн төлөө Узбекистаны Шахрам Ахадовыг торгуулиар ялснаар Парисаас дөрөв дэх медалиа гардлаа.