Жүдо бөхийн Парисын их дуулга тэмцээний эхний өдөр манай баг, тамирчид иж бүрэн медаль хүртэж медалийн чанараар тэмцээнд оролцож буй 52 орноос хоёрдугаар байрт эрэмбэлэгдэж байгаа бол Япон улсын баг, тамирчид дөрвөн алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байна.
Энэ удаагийн Парисын их дуулга тэмцээнд манай улсаас олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар тэргүүтэй 13 жүдоч зодоглож байгаа ба манай баг, бүрэлдэхүүний мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Тэмцээний эрэгтэйчүүдийн -60 кг, -66 кг, -73 кг, эмэгтэйчүүдийн -48 кг, -52 кг, -57 кг, -63 кг жинд манай улсаас олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар тэргүүтэй найман бөх барилдаж ОУХМ Ё.Басхүү алт, Б.Баасанхүү мөнгө, Ц.Цогтбаатар хүрэл, Л.Энхрийлэн, Б.Хорлоодой нар шагналт байранд орлоо.
Спорт мэдээ, мэдээллийн www.livetv.mn/sport суваг медаль хүртсэн тамирчдынхаа бүх барилдааны бичлэгийг цувралаар хүргэдэг уламжлалтай. Их дуулга ангиллын тэмцээнээс анхны алтан медалиа /нийт долоо медаль/ хүртсэн Ё.Басхүүгийн бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.
Эмэгтэйчүүдийн -48кг жинд Хөвсгөл аймаг, Сүлд спорт хорооны тамирчин ОУХМ Б.Баасанхүү урамтай сайхан барилдаж их дуулга ангиллын тэмцээнээс анхны медалиа хүртсэн нь мөнгөн медаль байлаа.
Залуу мастер Б.Баасанхүү эхний тойрогт залуучуудын дэлхийн аварга БНСУ-ын Лий Хёккёныг цэвэр яллаа.
Хэсгийн аваргын төлөө тус жинг тэргүүлэн барилдсан Францын Мелани Лего-Клемонийг нэмэлт цагт ялж хагас шигшээд шалгарлаа.
Хагас шигшээд Германы хашир туршлагатай бөхийг цэвэр ялж аваргын алтан медалийн төлөө барилдахаар боллоо. Алтан медалийн төлөө ДАШТ-ий алт, мөнгөн медальт Японы алдарт Н.Цунодатай барилдаж туршлага дутан ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ.