Олимп, дэлхийн аварга Бразилын Р.Силва жүдо бөхөд алтан медальтайгаар эргэн ирлээ.
Өчигдөр эхэлсэн энэ оны эхний жүдо бөхийн гран при тэмцээний эмэгтэйчүүдийн -57кг жинд олимп, дэлхийн аварга Бразилын Р.Силва эргэн ирэлт хийж алтан медаль хүртлээ. Тэрээр сэргээш хэрэглэсэн болох нь батлагдаж 2019 оноос тэмцээн уралдаанд оролцох эрхээ хязгаарлуулаад байсан билээ. Хэдийгээр өөрийгөө сэргээшийн төрлийн бодис хэрэглээгүй болохоо илэрхийлж, жүдо бөхийг орхин холимог тулаанд орох тухай яригдаж байсан ч жүдо бөхдөө эргэн ирснээ зарлах шиг боллоо.
Түүний тэмцээнд оролцох эрх өнгөрсөн онд сэргэж оны өмнөхөн зохион байгуулагдсан Бакугийн их дуулга тэмцээнд оролцсон ч эхний тойрогт Азербайжан улсын нэр дээр барилдаж буй манай М.Ичинхорлоод ялагдсан юм. Тэгвэл өчигдрийн барилдаанд өрсөлдөгчдөө ялсаар аваргын алтан медаль хүртлээ. Аваргын алтан медалийн төлөө залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Нидерландын К.Плеуниг цэвэр ялж гранпри ангиллаас долоо дахь алтан медалиа хүртэж байна.
Португалийн гран при тэмцээн өнөөдөр Улаанбаатарын цагаар 19 цагаас эрэгтэйчүүдийн -73, -81, эмэгтэйчүүдийн -63, -70 кг жингийн барилдаануудаар үргэлжлэн явагдана. Өнөөдөр манай улсаас дараах бөхчүүд барилдана:
Эрэгтэйчүүд:
-73 кг жинд Л.Анхзаяа, Г.Сод-Эрдэнэ
- 81 кг жинд Б.Эрдэнэбаяр, Б.Мөррэнцэн
Эмэгтэйчүүд:
-63 кг жинд С.Лхагвадулам, Ц.Номин
-70 кг жинд Ц.Энхчимэг нар барилдана.