Мэргэжлийн снукер биллиардын шилдэг 16 тамирчин урилгаар өрсөлддөг мастерс тэмцээнд 2010 оны дэлхийн аварга Нейл Робертсон түрүүлж Мастерсийн хошой аварга боллоо.
Мэдээж шилдгүүд өрсөлддөг тул хэн түрүүлэхийг урьдчилан таамаглах боломжгүй Мастерс тэмцээнд Нейл Робертсон эхний тойрогт Энтоны Макгилл, удаах тойрогт дэлхийн зургаа, мастерсийн долоон удаагийн аварга Ронни О Сулливан, хагас шигшээд дэлхийн гурав, мастерсийн хошой аварга Марк Виллиамс нарыг хожин шигшээд шалгарсан юм.
Шигшээ тоглолтод нөгөө талаас Шаун Мөрфи, Марк Селби, Жадд Трамп нарын дэлхийн аваргуудыг хожин шигшээд тунан үлдсэн Барры Хавкинс гарч ирлээ. Тэрээр Мастерс тэмцээнд хоёр дахь удаагаа финалд шалгарч байгаа нь энэ бөгөөд 2016 онд домогт Роннитой финалдаж байлаа.
Шигшээ тоглолтын эхний өрөгт Барры Хавкинс хожил байгуулсан ч цааш тоглолт явах тусам Нейлийн давамгайлал үргэлжилж 10:4 харьцаагаар Нейл түрүүллээ.