Мэргэжлийн снукер биллиардын шилдэг 16 тамирчин өрсөлддөг Мастерс-2022 тэмцээн ширүүн өрсөлдөөнтэй явагдаж байна.
Дэлхийн гурав, Мастерсийн хошой аварга Марк Виллиамс, 2010 оны дэлхийн аварга бөгөөд 2012 оны Мастерсийн аварга Нейл Робертсон нар домогт аваргуудыг хожин хагас шигшээд шалгараад байна.
Тодруулбал Марк Виллиамс дэлхийн дөрөв, мастерсийн хошой аварга Жон Хиггинстэй ширүүн өрсөлдөж 6:5 харьцаагаар буулган авлаа. Энэхүү тоглолт нь үзэгчдийн уухай дор өрнөсөн бөгөөд өдгөө 46 настай домогт аваргуудын тоглолт эхнээсээ төгсгөл хүртлээ үзэгчдийн алга ташилт тасарсангүй. Жон Хиггинс аварга өнгөрсөн жил Мастерсийн аваргын төлөө тав дахь удаагаа өрсөлдөж дэд байранд орсон бол Марк Виллиамс 12 жилийн дараа ийнхүү Мастерсийн хагас шигшээд үлдэж байна.
Тоглолтын дараа Марк Виллиамс аварга: “Энэ бол миний 30 жилийн карьерийн хугацаанд хамгийн сайхан уур амьсгал дунд өрнүүлсэн тоглолт байлаа. Тоглолт эхлэхийн өмнө үзэгчид арван минутын турш тасралтгүй алга ташаад байх шиг санагдсан. Би залуу байхдаа түрүүлэхийг үнэхээр хүсдэг байсан, одоо тийм биш болсон. Жоныг хүндлэхгүй байхын аргагүй. Тэр миний өрсөлдөгч байхаа болиод удаж байна. Би түүнтэй өрсөлдөх биш жаргаж биллиард тоглодог болсон.
Харин Жон Хиггинс: “Энэ оройн уур амьсгалыг би хэзээ ч мартахгүй. Урьд өмнө хэзээ ч мэдэрч байгаагүй гайхалтай үдэш байлаа. Би ийм уур амьсгалыг бүрдүүлж өгсөн Марк Виллиамст, биднийг дэмжихээр ирсэн олон түмэнд талархах ёстой. Үнэхээр итгэмээргүй байлаа. Хэрвээ болдог бол би гараад үзэгч болгонтой гар барихыг хүсэж байна"