Өнгөрөгч амралтын өдрүүдэд Турк улсын Истанбул хотоо пара-таеквондогийн ес дэх удаагийн ДАШТ амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн ДАШТ-д 40 орны 250 гаруй шилдэг тулаанчид өрсөлдсөн ба манай улсаас дэлхийн дөрвөн удаагийн аварга Г.Болор-Эрдэнэ, дэлхийн хошой аварга Х.Энхтуяа, дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Шинэбаяр, дэлхийн аваргын хүрэл медальт О.Энхтүвшинзаяа, залуу тамирчин Х.Темирбек нарын таван тамирчин, Алдар спорт хорооны дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, П.Тэмүүжин нарын удирдлага дор оролцон нэг алт, нэг хүрэл медаль, гурван тамирчин маань шагналт байранд шалгарсан бахдам амжилт үзүүллээ.
Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -47кг жинд тулалдсан үндэсний шигшээ баг, Алдар спорт хорооны тамирчин Х.Энхтуяа нийт дөрвөн тулаан хийхдээ гурван тулаанд нь өрсөлдөгчдөө илт давуугаар буулган авсан ба мөнгөн медалийн төлөөх тулаанд энэ жилийн “Токио-2020” паралимпын наадмын медальт Тайландын тамирчинд ялагдан хүрэл медалийн болзол хангалаа.
Эрэгтэйчүүдийн -63кг жинд дэлхийн дөрвөн удаагийн аварга, үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин Г.Болор-Эрдэнэ чансааны дагуу эхний тойрогтоо гоц мөргөж хоёрдугаар тойрогтоо ОХУ-ын тамирчинг 15:0, гуравдугаар тойрогтоо Иран улсын тамирчинг 21:02, дөрөвдүгээр тойрогтоо “Токио-2020” паралимпын наадмын аварга Бразил улсын тамирчинг тулааны нэгдүгээр үед техникийн илт давуугаар буулган авч аваргын алтан медалийн төлөө тулалдах эрхтэй болсон юм. Улмаар шигшээ тулаанд Итали улсын тамирчинг 18:09 харьцаагаар илүүрхэн ялж дэлхийд тав дахь удаагаа түрүүллээ.
Мөн түүнчлэн эрэгтэйчүүдийн -58кг жинд тулалдсан Х.Темирбек, О.Энхтүвшинзаяа, -70кг жинд тулалдсан Б.Шинэбаяр нар маш сайн тулаануудыг үзүүлж шагналт байранд шалгарлаа.
Ташрамд дурдахад энэ жил Монгол улсад таеквондогийн спорт үүсэж хөгжсөний 30 жилийн ой тохиож байгаа ба таеквондочид маань түүхт ойн босгон дээрээ дэлхийгээс хос медаль хүртлээ.
Энэ залуу дажгүй хөөрхөн ааштай даруухан хүү бна лээ Сард улсаас нийт 11 сая төгрөг авдаг гэсэн. Монголчууд Паралимп Олимп хоёроо ялгаж салгаж мэдэхгүй тэнэг улс. Мэдээж Олимпийн их наадам бол ГАЙХАМШИГ