Жудо бөхийн Абу Дабыгийн их дуулга тэмцээний сүүлийн өдөр хүнд жингийн барилдаануудаар үргэлжлэн явагдаж байна.
Эрэгтэйчүүдийн -90, -100, +100, эмэгтэйчүүдийн -78, +78 кг жингүүдийн хэсгийн барилдаанууд явагдаж дууслаа. Өнөөдөр манай улсаас О.Цэцэнцэнгэл, С.Бат-Орших, Б.Эрдэнэт-Од, А.Адъяасүрэн нарын дөрвөн бөх хүч үзлээ.
Эрэгтэйчүүдийн +100кг жин:
Бакугийн их дуулгын хүрэл медальт О.Цэцэнцэнгэл эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Узбекистаны бөхийг, хэсгийн аваргын төлөө Финландын бөхийг тус тус цэвэр ялж хагас шигшээд шалгарлаа. Хагас шигшээд өнгөрсөн оны Европын залуучуудын АШТ-ий мөнгөн медальт Украиний В.Евхиниг ялснаар аваргын алтан медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.
Аваргын төлөө Румыны хашир туршлагатай С.Валдуттай тунан үлдээд байна. 2014 оны Абу Дабыгийн их дуулгын мөнгөн медальт С.Валдут энэ жил 31 настай бол О.Цэцэнцэнгэлийн хувьд 22 настай юм.
Эмэгтэйчүүдийн +78 кг жин:
Бакугийн их дуулга тэмцээний мөнгөн медальт А.Адъяасүрэн хэсгийн аваргын төлөө Ташкентийн гранпри тэмцээний хүрэл медальт ОХУ-ын Г.Анзелаг ялж хагас шигшээд шалгарлаа. Хагас шигшээд залуучуудын дэлхийн аваргын мөнгө, өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн гурван насны дэлхийн аваргын хүрэл медальт Бразилын С.Бийтризт ялагдан хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Хүрэл медалийн төлөө энэ оны залуучуудын дэлхийн аварга Францын Х.Каролитэй барилдана.
Шууд дамжуулалтыг: Олон улсын жүдо бөхийн холбооны https://live.ijf.org/gs_uae2021/live_video сайтаар шууд хүлээн авч үзэх боломжтой.