Арабын нэгдсэн Эмират улсын Абу Дабы хотноо жүдо бөхийн энэ оны хамгийн сүүлийн их дуулга тэмцээн зохион байгуулагдаж байна.
Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн -73, -81, эмэгтэйчүүдийн -63, -70 кг жингүүдийн барилдаан явагдаж байна. Өнөөдөр манай улсаас олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар тэргүүтэй найман бөх хүч үзлээ.
Өнөөдөр барилдсан манай бөхчүүдээс эрэгтэйчүүдийн -73кг жингийн С хэсгийг тэргүүлэн барилдсан олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар өрсөлдөгчдөө цэвэр ялсаар хагас шигшээд шалгарлаа.
Тэрээр эхний тойрогт гоц мөргөж, улмаар хоёрдугаар тойрогт Бельгийн бөхийн цэвэр яллаа.
Хэсгийн аваргын төлөө Словенийн бөхийг мөн цэвэр ялж хагас шигшээд энэ оны Европын аварга болсон ОХУ-ын А.Арментэй барилдахаар боллоо.
Мөн түүнчлэн эмэгтэйчүүдийн -70 кг жинд Ц.Энхчимэг Бразилын бөхийг хэдхэн хормын дотор цэвэр ялж хэсгийн аваргын төлөө дэлхийн аварга Францын Г.М.Ийвд ялагдан дагах барилдаан хийхээр боллоо. Тэрээр дагах барилдаанд Австралийн бөхтэй барилдана.
Тэмцээн Улаанбаатарын цагаар 16:00 цагт хэсгийн барилдаанаар эхлэх бөгөөд медалийн төлөөх барилдаануууд 21:00 цагаас явагдана.
Шууд дамжуулалтыг: Олон улсын жүдо бөхийн холбооны https://live.ijf.org/gs_uae2021/live_video сайтаар шууд хүлээн авч үзэх боломжтой.