Арабын нэгдсэн Эмират улсын Абу Дабы хотноо жүдо бөхийн энэ оны хамгийн сүүлийн их дуулга тэмцээн зохион байгуулагдаж байна.
Тэмцээний эхний өдөр манай улсаас найман жүдоч барилдаж эрэгтэйчүүдийн -66 кг жинд ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Ё.Басхүү, эмэгтэйчүүдийн -52 кг жинд Б.Хорлоодой, -57 кг жинд Л.Энхрийлэн нар хүрэл медаль, эрэгтэйтэйчүүдийн -60 кг жинд ОУХМ Э.Сумъяабазар шагналт байранд орлоо.
Өнөөдөр тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн -73, -81, эмэгтэйчүүдийн -63, -70 кг жингүүдийн барилдаан явагдах ба манай улсаас олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар тэргүүтэй найман бөх зодоглоно.
Эрэгтэйчүүдийн -73кг жин:
А хэсэгт ДАШТ-ийн хүрэл медальт, МУГТ Г.Одбаяр эхний тойрогт энэ оны Парисын их дуулгын мөнгөн медальт Францын Р.Теотой учраа таарсан бол тус жингийн С хэсгийг тэргүүлэн барилдаж буй олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар эхний тойрогт гоц мөргөсөн байна.
Эрэгтэйчүүдийн -81 кг жин:
Энэ жинд манай хоёр залуу тамирчин зодоглох ба А хэсэгт Г.Болор-Очир эхний тойрогт Узбекистаны бөхтэй, С хэсэгт Б.Батболд Германы бөхтэй тус тус оноолт таарсан байна.
Эмэгтэйчүүдийн -63 кг жин:
А хэсэгт С.Лхагвадулам эхний тойрогт гоц мөргөж улмаар хоёрдугаар тойрогт тус жинг тэргүүлэн барилдаж буй дэлхийн аваргын мөнгөн медальт Словенийн Л.Андрежатай барилдана. Харин D хэсэгт Б.Баасанжаргал эхний тойрогт Финландын бөхтэй учраа таарчээ.
Эмэгтэйчүүдийн -70 кг жин:
Энэ жинд мөн л манай хоёр залуу тамирчин хүч үзэх ба А хэсэгт М.Даваасүрэн Шведийн бөхтэй, D хэсэгт Ц.Энхчимэг Бразилын бөхтэй тус тус эхний тойрогт учраа таарсан байна.
Тэмцээн Улаанбаатарын цагаар 16:00 цагт хэсгийн барилдаанаар эхлэх бөгөөд медалийн төлөөх барилдаануууд 21:00 цагаас явагдана.
Шууд дамжуулалтыг: Олон улсын жүдо бөхийн холбооны https://live.ijf.org/gs_uae2021/live_video сайтаар шууд хүлээн авч үзэх боломжтой.