Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ өчигдөр албан ёсоор эхэллээ.
Норвеги улсын Осло хотноо зохион байгуулагдаж буй ДАШТ-ий эхний өдөр чөлөөт бөхийн 61, 74, 86, 125 кг жингүүдийн барилдаанаар эхэлж манай улсаас 61 кг жинд Т.Түвшинтулга, 74 кг жинд Э.Бямбадорж, 86кг жинд Г.Ганхуяг, 125 кг жинд М.Лхагвагэрэл нар барилдлаа.
61кг жинд Т.Түвшинтулга эхний тойрогт өнгөрсөн оны Ази тивийн аварга Кыргызстаны Улукбек Золдошбековтой учраа таарч 7:7 оноогоор яллаа.
Энэхүү барилдаанд манай бөх 3:7 оноогоор хожигдож явсан ч цаг дуусахаас 18 секундийн өмнө эцсийн мөчид гайхалтай ялалт авлаа. Улмаар 1/8 шигшээд Украины Ярослав Гурскийг 4:1-ээр ялснаар шөвгийн наймд шалгарлаа.
1/4 шигшээд Дэлхийн цом болон Европын аварга ОХУ-ын Абасгажи Магомедовд ялагдсан ч өнөөдөр (10.03-ны өдөр) Туркийн Эмрах Орманоглутай дагах барилдаан хийхээр боллоо.
125 кг жинд М.Лхагвагэрэл шөвгийн 16-д Токио-2020 олимпын мөнгө, Рио-2016 олимпын хүрэл, дэлхийн гурван удаагийн аварга Гүржийн Гено Петриашвилитэй барилдан ялагдсан ч Гено Петриашвили финалд шалгарсан тул манай бөх өнөөдөр Австрийн Йоханнес Людуширтай дагах барилдаан хийхээр боллоо. Дагах барилдаан болон 57-65-79-92 кг жингүүдийн урьдчилсан барилдаан өнөөдөр хуваарийн дагуу Улаанбаатарын цагаар 16:30 цагт эхэлнэ.
74 кг жинд Э.Бямбадорж эхний тойрогт 2019 оны дэлхийн аваргын хүрэл медальт Ираны Ёонес Емамид, 86 кг жинд Г.Ганхуяг 2019 оны 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт Японы Хаяато Иширгурод тус тус ялагдан тэмцээнээ дуусгалаа.
Sain bna shuu