"Токио-2020" олимпын наадмын жүдо бөхийн төрөл домогт Ниппон Будокан ордонд зохион байгуулагдаж байна.
Эхний өдөр хөнгөн хоёр жинд манай дэлхийн медальтнууд барилдаж байна.
Эрэгтэйчүүдийн -60 кг жинд: дэлхийн аваргын мөнгөн медальт, МУГТ Д.Амартүвшин эхний тойрогт Нидерландын Т.Торниктэй барилдан нэмэлт цагт ваза-ари үнэлгээ алдан ялагдаж тэмцээнээ дуусгалаа.
Эмэгтэйчүүдийн -48кг жинд: Дэлхийн аваргын иж бүрэн медальт, "Хайбрид хаус" компани, VISA TEAM багийн гишүүн, МУГТ М.Уранцэцэг В хэсгийг тэргүүлэн барилдаж буй тул эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Чилийн М.Де Варгасыг цэвэр яллаа. Улмаар хэсгийн аваргын төлөө Израилийн Р.Шираг мөн цэвэр яллаа. Урнаа аварга Р.Шираг өмнө нь таван удаа таарч барилдахдаа тав ялж байсан бол энэ удаа зургаа дахь удаагаа яллаа.
Таамгийн дагуу хагас шигшээд А хэсгийг тэргүүлэн барилдаж буй дэлхийн аваргын хүрэл медаль Косовогийн Д.Красникитэй Улаанбаатарын цагаар 16:00 цагт барилдана. Урнаа аварга Д.Красникитэй өмнө нь дөрвөн удаа учраа таарахдаа хоёр ялж, хоёр ялагдаж байлаа. Өөрөөр хэлбэл тэдний хожил, хожигдлын харьцаа тэнцүү яваа. Хамгийн сүүлд өнгөрөгч сард зохион байгуулагдсан Будапештын ДАШТ-д хоёр бөх учраа таарахад Урнаа аварга ялсныг манай үзэгчид тодхон санаж байгаа биз ээ.