Мэргэжлийн боксын шилдэг тулаанч МУГТ Н.Төгсцогт карьерийнхаа 14 дэх тулааныг хийхээр боллоо.
IBO холбооны аварга маань энэ удаад WBA холбооны аваргын бүсний төлөө жин өгсөн 130lbs жинд тулалдахаар (өмнө нь 125.6lbs буюу 56.82кг жинд тулалдаг байсан) боллоо. Түүний өрсөлдөгч нь тус жинд аваргын бүсийг түр эзэмшигч АНУ-ын боксчин Крис Кольберт байна. Тулаан долоодугаар сарын 4-ний ням гарагт Улаанбаатарын цагаар 12 цагт АНУ-ын Калифорни мужид зохион байгуулагдана.
К.Кольберт нь нийт 14 тулаанд оролцон одоогоор нэг ч ялагдаагүй байгаа юм. 14 тулааныхаа таван удаад нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авч байжээ. Тэрээр хамгийн сүүлд 2020 оны 12 дугаар сард Ж.Арболедаг ялсан юм. Харин Н.Төгсцогт аваргын хувьд хамгийн сүүлд өнгөрөгч оны есдүгээр сард нэг ч ялагдаагүй явсан К.Брийдиг ялсан байдаг.