Олон улсын олимпын хорооны гүйцэтгэх зөвлөл хуралдаж самбо бөхийн төрлийг спорт болон олон улсын самбо бөхийн холбоог /FIAS/ хүлээн зөвшөөрөхөөр боллоо.
Олон улсын олимпын хорооноос FIAS-ийн самбо бөхийн спортыг сурталчлах, дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх, түүнтэй холбоотой хийсэн ажил, ололт амжилтыг үнэлж энэхүү шийдвэрийг гаргасан байна.
Одоогоос гурван жилийн өмнө буюу 2018 онд ОУОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн хурлаар олон улсын самбо бөхийн холбоог /FIAS/ түр буюу 3 жилийн хугацаатай хүлээн зөвшөөрсөн билээ. Өнгөрөгч хугацаанд олон улсын самбо бөхийн холбоо нь идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж буйг нь өндрөөр үнэлж дээрх шийдвэрийг гаргасан байна. Ийнхүү самбо бөхийн төрөл тун удахгүй олимпын наадмын хөтөлбөрт багтах боломжтой болж байна.
Ташрамд сонирхуулахад энэ оны 10 дугаар сард Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо самбо бөхийн өсвөр үе, залуучуудын ДАШТ зохион байгуулагдана.