Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн -73кг, эмэгтэйчүүдийн -57кг жингийн барилдаанаар үргэлжлэн явагдаж байна.
Унгар улсын Будапешт хотноо зохион байгуулагдаж буй энэ удаагийн ДАШТ-д 118 орны 665 тамирчин оролцож байна. Монгол улсаас энэ удаагийн ДАШТ-д оролцох баг, тамирчдын мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. Тэмцээний дэлгэрэнгүй хуваарийг ЭНД дарж үзнэ үү.
Тэмцээний эхний өдөр манайхны медалийн салхийг хагалан хүрэл медаль хүртсэн эмэгтэйчүүдийн -48кг жинд Хайбрид Хаус, Жи Мобайль, Visa Team багийн тамирчин, дэлхийн аваргын иж бүрэн медальт МУГТ М.Уранцэцэгийн бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.
Харин өчигдөр буюу тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн -66кг жинд хүрэл медаль хүртсэн ОУХМ Ё.Басхүүгийн бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.
Өнөөдөр хуваарь ёсоор эрэгтэйчүүдийн -73кг, эмэгтэйчүүдийн -57кг жингийн барилдаан явагдаж байгаа ба манай улсаас олимпын наадмын мөнгө, дэлхийн аварга МУГТ Д.Сумъяа, залуучуудын дэлхийн аваргын хошой мөнгөн медальт Ц.Цогтбаатар нар барилдана.
Эрэгтэйчүүдийн -73кг жинд нийт 62 жүдоч барилдаж байгаа ба Ц.Цогтбаатар С хэсгийг тэргүүлэн барилдана.
Эмэгтэйчүүдийн -57кг жинд 39 жүдоч хүч үзэх ба МУГТ Д.Сумъяа аварга А хэсэгт мөн эхний тойрогт гоц мөргөсөн байна. Тэрээр хоёрдугаар тойрогт Парис, Абу Дабыгийн их дуулгын аварга БНСУ-ын Ким Жандитэй барилдана. Хоёр бөхийн хувьд өмнө нь 13 удаа учраа тааран барилдахдаа зургаан удаад нь Д.Сумъяа, долоон удаад нь Ким Жанди даваад байгаа юм. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн оны Дюселдорфийн их дуулга тэмцээнд учраа таарахад Д.Сумъяа аварга давж байлаа.
Шууд дамжуулалтыг олон улсын жүдо бөхийн холбооны албан ёсны Youtube сувгаас хүлээн авч үзэх боломжтой.