Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдрийн хэсгийн барилдаанууд явагдаж дууслаа.
Унгар улсын Будапешт хотноо зохион байгуулагдаж буй энэ удаагийн ДАШТ-д 118 орны 665 тамирчин оролцож байна. Монгол улсаас энэ удаагийн ДАШТ-д оролцох баг, тамирчдын мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. Тэмцээний дэлгэрэнгүй хуваарийг ЭНД дарж үзнэ үү.
Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр эмэгтэйчүүдийн -48кг, эрэгтэйчүүдийн -60кг жингийн барилдаанууд явагдсан ба манай улсаас Хайбрид Хаус, Жи Мобайль, Visa Team багийн тамирчин, дэлхийн аваргын иж бүрэн медальт МУГТ М.Уранцэцэг, Г.Наранцэцэг, Л.Өнөболд нар барилдлаа.
Эмэгтэйчүүдийн -48кг жинд ОУХМ Г.Наранцэцэг эхний тойрогт Сербийн Николис Миликад торгуулиар ялагдан тэмцээнээ дуусгалаа. Харин энэ жингийн С хэсгийг тэргүүлэн барилдаж буй МУГТ М.Уранцэцэг эхний тойрогт гоц мөргөн хоёрдугаар тойрогт БНСУ-ын залуу бөх О Еожуг цэвэр яллаа.
Гуравдугаар тойрогт Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй Г.Отгонцэцэгтэй 11 дэх удаагаа учраа тааран барилдаж торгуулиар цэвэр яллаа. Улмаар хэсгийн аваргын төлөө залуучуудын дэлхийн аварга Японы Кога Ваканад ялагдан дагах барилдаан хийх болсон юм. Харин дагах барилдаанд залуучуудын дэлхийн аваргын мөнгөн медальт Францын Ш.Боуклиг нэмэлт цагт ялж хүрэл медалийн төлөө тус жинг тэргүүлж буй дэлхийн аваргын хүрэл медальт Косовогийн Д.Красникитэй барилдана. Хоёр бөхийн хувьд өмнө нь гурван удаа учраа таарахад М.Уранцэцэг аварга нэг удаа Д.Красники хоёр удаа ялж байлаа.
Медалийн төлөөх барилдаан Улаанбаатарын цагаар 23:00 цагт явагдана.