"Токио-2020" олимпын наадмын эрхийн төлөөх таеквондогийн ази тивийн тэмцээний эхний өдөр эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр жингийн тулаанууд явагдлаа.
Энэ удаагийн эрхийн тэмцээнд манай улсаас таеквондогийн үндэсний шигшээ багийн гурван тамирчин оролцож байгаа ба манай тамирчдын танилцуулгыг ЭНД дарж үзнэ үү.
Иордан улсын Амман хотноо зохион байгуулагдаж буй олимпын эрхийн тэмцээний эхний өдөр Тайванийн баг тамирчид гурван жинд олимпын эрхээ авсан бол тэмцээнийг зохион байгуулагч Иордан, Узбекистан улсын баг тус бүр хоёр эрх, Вьетнам улс нэг эрх авлаа.
Манай улсаас гурван тамирчин олимпын эрхийн төлөө хүч үзэж байгаа ба өчигдөр эрэгтэйчүүдийн -68кг жинд ОУХМ А.Нацагдорж залуучуудын олимпын наадмын мөнгө, дэлхийн аваргын хүрэл, Ази тивийн хошой аварга Узбекистаны Рашитов Улугбекд ялагдсан билээ. Манай тамирчныг ялсан Узбекистаны тамирчин цааш тулалдсаар олимпын эрхээ авчээ.
Тэгвэл хэдхэн мөчийн дараа эхлэх тэмцээний хоёр дахь өдрийн тулаанд эрэгтэйчүүдийн -58кг жинд манай улсаас Инчеон Азийн наадмын хүрэл, Ази тивийн аваргын мөнгө, Армийн ДАШТ-ий хүрэл, Оюутны универсиад наадмын мөнгөн медальт Монголын таеквондогийн үндэсний шигшээ баг, "Алдар" спорт хорооны тамирчин М.Түмэнбаяр тулалдана. М.Түмэнбаяр чансааны дагуу 3-т эрэмбэлэгдэж байгаа ба эхний тойрогт 2019 оны Азийн нээлттэй тэмцээний аварга Филиппиний Б.К.Брайнтай тулалдах оноолт гарчээ.