Мэргэжлийн снукер биллиардын ДАШТ-ий финалын тоглолт хоёр өдрийн турш үргэлжлэн явагдаж М.Селби аварга дөрөв дэх удаагаа дэлхийн аварга боллоо.
Дэлхийн шилдгүүд өрсөлдсөн энэ удаагийн ДАШТ-ий финалд дэлхийн гурван удаагийн аварга (2014, 2016, 2017) М.Селби болон 2005 оны дэлхийн аварга Шаун Мөрфи нар тунан үлдээд байсан билээ. Финалын тоглолт ширүүн өрсөлдөөн дунд явагдсан ба Шаун Мөрфи аваргын хувьд тоглолтоос тоглолтод шилжих тусам улам хүчирхэгжиж байлаа. Гэвч эцсийн дүнд М.Селби аварга 18:15 харьцаагаар ялалт байгуулж 500 мянган фунт стерлинг буюу монгол мөнгөөр ойролцоогоор хоёр тэрбум төгрөгийн шагнал хүртлээ. Ийнхүү дөрөв дэх удаагаа дэлхийн аваргын цомыг өргөсөн М.Селби ДАШТ-д түрүүлсэн тоогоороо домогт Ж.Хиггинс аваргатай зэрэгцлээ.
- Стефен Хендри 7
- Ронни О Сулливан 6
- Стив Девис 6
- Марк Селби, Жон Хиггинс тус бүр 4
- Марк Виллиас 3
Тоглолтын дараа М.Селби: "Дөрөв дэх удаагаа түрүүлсэндээ одоо ч итгэхгүй байна. Снукер бол оюун санааны спорт юм. Та өөртөө эргэлзэж байвал хожил таных биш байх болно. Ш.Мөрфи аваргын тэр олон хүчтэй цохилтуудыг тэсч гарсандаа баяртай байна. Одоо миний зорилго бол дэлхийн №1 гэсэн цолоо эргүүлэн авах болоод байна."
Харин Ш.Мөрфи: "Маркыг би бүр есөн настайгаас нь л мэднэ. Тэр хэзээнээсээ агуу тоглогч байсан. Урьд шөнө би эцсийн мөчийг хүртэл надад боломж байгаа гэдгийг мэдэрсээр байлаа. Хэдийгээр ялагдсан ч үнэхээр гайхалтай тоглолтын нэг хэсэг нь болсондоо баяртай байна"