Сонирхогчдын боксын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 10 хоногийн турш амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Польш улсын Кийлс хотноо зохион байгуулагдсан сонирхогчдын боксын залуучуудын ДАШТ-д манай улсаас эрэгтэй дөрөв, эмэгтэй дөрөв буюу нийт найман тамирчин тулалдаж хоёр хүрэл медаль хүртлээ.
Тодруулбал: Монгол улсаас эмэгтэйчүүдийн 51кг жинд боксын үндэсний шигшээ багийн тамирчин А.Хулан, эрэгтэйчүүдийн 52кг жинд үндэсний шигшээ багийн тамирчин Э.Сүхбат нар хүрэл медалийн болзол хангасан юм.
Ингээд ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Э.Сүхбатын бүх тулааны бичлэгийг толилуулж байна.
Түүний жинд нийт 28 тулаанч өрсөлдсөн ба манай боксчин эхний тойрогт Германы босксчинг гурван үеийн турш илүүрхэж 5:0 харьцаагаар ялалт байгуулсан юм.
Шөвгийн 16-д Энэтхэгийн боксчинг 4:1 харьцаагаар хожин шөвгийн наймд шалгарлаа.
Хүрэл медалийн төлөөх тулаанд Э.Сүхбат Испанийн боксчинг мөн 5:0 харьцаагаар буулган авч хагас шигшээд тулалдах эрхтэй болсон юм. Мөнгөн медалийн төлөөх тулаанд ОХУ-ын боксчинг илүүрхэн тулалдсан ч харамсалтай шүүгчид нөгөө талд ялалтыг заалаа. Тэгвэл урьд шөнө манай боксчинг хожсон ОХУ-ын боксчин Узбекистаны боксчинд ялагдан мөнгөн медаль хүртсэн юм.