Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн сүүлийн өдрөө эрэгтэйчүүдийн чөлөөт бөхийн үлдсэн таван жингийн барилдаанаар үргэлжлэн явагдаж байна.
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглох монгол бөхчүүдийн мэдээлэл болон тэмцээний дэлгэрэнгүй хуваарийг ЭНД дарж үзнэ үү.
Эмэгтэй чөлөөт бөхийн төрөл хоёр өдрийн турш зохион байгуулагдсан ба манай улс бүтэн багаар оролцон хоёр алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл буюу нийт долоон медаль хүртэн багийн дүнгээр тэргүүллээ. Тус мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.
Азийн АШТ-ий сүүлийн өдөр буюу өнөөдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 92, 125 кг жингийн барилдаанууд явагдаж 92кг жинд хүч үзсэн ОУХМ М.Цогтгэрэл алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа. Тэрээр БНСУ-ын Гвон Хек Бумыг 8:4 оноогоор, хагас шигшээ барилдаанд өсвөр үеийн дэлхийн аварга, залуучуудын Азийн аварга, Казахстаны Эльхан Ассадовыг нутагт нь 7:2-оор өвдөг шороодуулснаар алтан медалийн төлөө барилдахаар болсон юм. Манай бөх өнөө орой /Улаанбаатарын цагаар 20:00 цагт/ Ираны Камран Гасемпуртай хүч үзнэ.
Мөн түүнчлэн 74 кг жинд ОУХМ З.Сумъяабазар Кыргызстаны Мансур Сиргак Уулутай хүрэл медалийн төлөө барилдах бол 125 кг жинд ОУХМ Д.Хүдэрбулга Узбекистаны Амиржон Нутфуллаевтай хүрэл медалийн төлөө барилдана. Ийнхүү манай гурван бөх орой медалийн төлөө барилдах бол 61 кг жинд ОУХМ Б.Нэмэхбаяр, 86 кг жинд МУГТ П.Өнөрбат нар тэмцээнээ өндөрлүүллээ.