Энэ өдрүүдэд мэргэжлийн снукер биллиардын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны эрхийн тэмцээн зохион байгуулагдаж байна.
Эрхийн тэмцээнд нийт 128 тамирчин энэ сарын 14-нийг өрсөлдөх ба шалгарсан 16 тамирчин дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шилдгүүдтэй өрсөлдөх эрхээ авах юм. Шалгарсан тамирчдыг дэлхийн чансааг тэргүүлэгч 16 тамирчин хүлээж байгаагийн дотор дэлхийн зургаан удаагийн аварга Ронни О Сулливан тэргүүтэй долоон дэлхийн аварга байна.
Урьд шөнө явагдсан сонгон шалгаруулалтын эхний шатны тоглолтод дэлхийн долоон удаагийн аварга домогт Стефен Хэндри (52 нас) өөрийн эртны өрсөлдөгч болох Жимми Уайттай (58 нас) учраа тааран тоглолоо. Хоёр тамирчны хувьд карьерийнхаа ид үед өөр хоорондоо 60 удаа учраа таарч 36 удаад нь Хэндри аварга хожиж байсан түүхтэй. Зодог тайлаад есөн жилийн дараа эргэн ирж буй Стефен Хэндри аварга өнгөрсөн сард зохион байгуулагдсан Гибралтарийн нээлттэй тэмцээнд оролцон Меттью Селтэд хожигдсон ч урьд шөнө ганган ялалт байгууллаа. Тэрээр Жимми Уайтыг 6:3 харьцаагаар буулган авч хоёрдугаар шатанд шалгарлаа.