Жүдо бөхийн Тбилисийн их дуулга тэмцээн өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдана.
Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаанууд явагдаж манай улсаас дэлхийн аваргын иж бүрэн медальт, Жи Мобайл, Хайбрид хаус, "Visa Team" багийн гишүүн МУГТ М.Уранцэцэг тэргүүтэй зургаан бөх таван жинд барилдлаа.
Өчигдөр барилдсан зургаан бөхөөс МУГТ М.Уранцэцэг бүх өрсөлдөгчөө цэвэр ялж аваргын алтан медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн -66кг жинд Г.Хэрлэн хүрэл медаль, эрэгтэйчүүдийн -60кг жинд Э.Ариунболд шагналт байранд орлоо.
Ийнхүү эхний өдрийн дараах байдлаар манай улсын баг тамирчид тус тэмцээнд оролцож буй 80 орноос медалийн чанараар дөрөвдүгээрт жагсаж байна.
Өнөөдөр тэмцээний хоёр дахь өдөр хуваарийн дагуу эрэгтэйчүүдийн -73, -81кг, эмэгтэйчүүдийн -63, -70кг жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас МУГТ Г.Одбаяр, ОУХМ Ц.Цогтбаатар, ОУХМ Н.Дагвасүрэн нар барилдана.
Эрэгтэйчүүдийн -73кг жин:
Энэ удаагийн Тбилисийн их дуулга тэмцээний хамгийн олон бөх буюу нийт 42 бөх эрэгтэйчүүдийн -73кг жинд зодоглох юм. Манай улсаас МУГТ Г.Одбаяр С хэсэгт эхний тойрогт гоц мөргөсөн байгаа бол ОУХМ Ц.Цогтбаатар D хэсгийг тэргүүлэн барилдах тул мөн эхний тойрогт гоц мөргөсөн байна.
Эрэгтэйчүүдийн -81кг жин:
Өнөөдрийн манай бөхчүүдийн салхийг хагалан ОУХМ Н.Дагвасүрэн эхний тойрогт тэмцээнийг зохион байгуулагч эзэн орны бөх Д.Гочилайдзетэй барилдах оноолттой байна.