Жүдо бөхийн Ташкентын их дуулга тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр уламжлал ёсоор хүнд жингийн барилдаануудаар үргэлжлэн явагдаж байна.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн -90, -100, +100, эмэгтэйчүүдийн -78, +78 кг жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас дэлхийн аваргын хүрэл медальт Л.Отгонбаатар тэргүүтэй таван бөх барилдасанаар одоогийн байдлаар дараах үр дүнг үзүүлээд байна.
Эмэгтэйчүүдийн +78 кг жинд ОУХМ Э.Гандиймаа, эрэгтэйчүүдийн -90 кг жинд ОУХМ Г.Алтанбагана, эрэгтэйчүүдийн +100 кг жинд ОУХМ Ө.Дүүрэнбаяр нар эхний барилдаандаа тус тус ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.
Харин Эрэгтэйчүүдийн -100 кг жинд дэлхийн аваргын хүрэл медальт ОУХМ Л.Отгонбаатар В хэсгийг тэргүүлэн барилдаж байгаа тул эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Азербайжаны бөхийг ялж цааш Гүржийн бөхтэй барилдахаар болсон байна.
Энэ жинд барилдаж буй залуу мастер Б.Гончигсүрэнгийн хувьд С хэсэгт эхний тойрогтоо Болгарын бөхийг цэвэр ялж /тус барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү/, улмаар хоёрдугаар тойрогт Эстони улсын бөхийг мөн цэвэр яллаа. Гуравдугаар тойрогт тэмцээнийг зохион байгуулагч эзэн орны бөхөд ваза-ари үнэлгээ алдсан ч төд удалгүй сайхан цэвэр буулгалаа. Ийнхүү гурав дахь бөхөө цэвэр ялсан Б.Гончигсүрэн хэсгийн аваргын төлөө дэлхийн аваргын хүрэл медальт Белгийн Т.Никифоровтой барилдана.