Холливудын алдарт Метро Голвин Майер /MGM/ студи жүдо бөхийн дэлхийн аваргууд болох С.Моллай, С.Муки нарын амьдралын түүхийг өгүүлэх баримтат киноны төслөө эхлүүлсэн байна.
Төслийг олон улсын жүдо бөхийн холбоо дэмжин оролцож байгаа бөгөөд тус холбооны ерөнхийлөгч Мариус Визер: "С.Моллай болон С.Муки нарын түүх нь зөвхөн спортын ертөнцөөс хальж олон сая залууст итгэл найдвар өгөх одоо цагийн амьд баатруудын түүх юм" хэмээсэн байна.
Харин С.Моллай аварга: "С.Муки найзтайгаа энэхүү төсөлд оролцож байгаа маань миний хувьд нэр төрийн хэрэг. Энэхүү киногоор дамжуулан жүдо бол саад бэрхшээлийг давах гайхалтай арга, бид бол нэг гэр бүл гэсэн санааг харуулахыг хичээж байна" хэмээн хэлсэн байна.
Тэгвэл энэ долоо хоногийн эхээр олон улсын спортын арбитрын шүүх Иран улсын жүдо бөхийн холбоо болон Монгол улсын иргэншил аваад буй С.Моллай аваргын асуудлыг авч хэлэлцжээ. Тус шүүх хуралдаанаар Ираны жүдо бөхийн холбоо нь олон улсын жүдо бөхийн холбооны дүрмийг ноцтой зөрчсөн болохыг нотлохын сацуу зохих шийтгэл оногдуулах ёстой ч олон улсын жүдо бөхийн холбооноос Иран улсын жүдо бөхийн холбооны гишүүнчлэлээс хассан шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй байна хэмээн дүгнэлт гаргасан байна.
Дээрх шийдвэрийн дагуу олон улсын жүдо бөхийн холбооноос цаашид ямар арга хэмжээ авах талаар хэлэлцэж байгаа ба тодорхой шийдвэр гарсны дагуу олон нийтэд мэдээлэхээр болсон байна.