Мэргэжлийн снукер билиардын шилдэг тоглогчдын аварга шалгаруулах тэмцээн тун сонирхолтой зохион байгуулагдаж байна.
Дэлхийн дөрвөн удаагийн аварга, Шотландын Жон Хиггинс энэ удаагийн тэмцээнд маш сайн тоглолтыг үзүүлж байна. Тэрээр эхний тойрогт Жордан Брауныг 6:0 харьцаагаар хожсон бол урьд шөнийн тоглолтод дэлхийн гурван удаагийн аварга Марк Селбиг мөн л 6:0 харьцаагаар хожин шуугиан тарилаа. Марк Селби аваргын хувьд бүхэл тоглолтын турш ердөө долоон оноо л авч чадсан бол Жон Хиггинс аварга нийт 546 оноо авсан байна.
Аваргуудын 31 дэх удаагаа учраа тааран тоглосон нь энэ бөгөөд хожил, хожигдлын харьцаа нь Ж.Хиггинс 15:16 М.Селби.
Ийнхүү Марк Селби аваргыг буулган авсан Жон Хиггинс хагас шигшээд дэлхийн чансааны 5-д эрэмбэлэгдэж буй Кайрен Вилсонтой тоглох оноолттой байна. 2018 оны Уэльсийн нээлттэй тэмцээнээс хойш чансаагаа ахиулж чадаагүй байгаа Ж.Хиггинс аварга энэ удаа түрүүлэхэд ердөө хоёр тоглолт л үлдлээ. Хэрэв хагас шигшээд К.Вилсоныг хожсон тохиолдолд финалд мөнхийн өрсөлдөгч Р.О.Сулливан түүнийг хүлээж байна.
Тоглолтын дараа Ж.Хиггинс аварга: "Он гарснаас хойш би тоглолтоо илүү ихээр мэдэрч эхлээд байна. Мастерсын финалд Ян Бинтаод ялагдаж, Ковид тусаж, тэмцээн өнжсөн ч Уэльсийн нээлттэй тэмцээнд сайн тоглосон сэтгэл зүйгээрээ энд ирээд байна"
Харин М.Селби аварга: "Надад урьд өмнө нь ийм цөөхөн боломж олдсон тэмцээн хэзээ ч таарч байсангүй. Жон намайг тоглолтын эхнээс ердөө л царцаачихлаа. Тэр өнөөдөр гайхалтай байлаа"