Мэргэжлийн снукер биллиардын 30 дахь удаагийн түүхт "Welsh Open 2021" тэмцээний шөвгийн наймын тоглолтууд тун өрсөлдөөнтэй явагдлаа.
Али Картер хүндэтгэх шалтгааны улмаас тэмцээнийг орхисон тул дэлхийн зургаа, велсийн дөрвөн удаагийн аварга Ронни О Сулливан сул хожил аван хагас шигшээд дэвшлээ. Харин үлдсэн гурван тоглолт эн тэнцүүхэн өрсөлдөөн дунд явагдлаа.
Эхний тоглолтод дэлхийн гурван удаагийн аварга бөгөөд велсийн цомын 2008 оны аварга Марк Селби шөвгийн наймд харьцангуй сул өрсөлдөгчтэй таарсан хэдий ч ялагдал хүлээн тэмцээнийг орхилоо. М.Селби аварга Ирландын Жордан Браунтай өнгөрсөн оны ДАШТ-д анх учраа таарахдаа 10:6 харьцаагаар буулган авч байсан бол энэ удаад 5:4 харьцаагаар хожигдлоо.
Удаах тоглолтод дэлхийн аварга бөгөөд Велсийн цомын өнгөрсөн оны аварга Шаун Мөрфи өөрийн мөнхийн өрсөлдөгч болох Стефен Магуирт 5:4 харьцаагаар хожигдлоо. Хоёр тамирчны хувьд урьд өмнө нь 26 удаа учраа тааран тоглоход бие биенээ тус бүр 13 удаа хожоод байсан юм.
Дэлхийн аварга бөгөөд велсийн хошой аварга Марк Виллиамс энэ удаад өөрийн хожиж дадсан Том Фордтой 13 дах удаагаа учраа таарлаа. Тэд өмнө нь 12 учраа тааран тоглоход Марк Виллиамс 11 удаад нь хожиж байсан түүхтэй. Энэ удаад ч таамгийн дагуу хожил байгуулсан ч Том Форд түүнтэй эн тэнцүүхэн өрсөлдөж 5:4 харьцаагаар тоглолт өндөрлөсөн юм.
Манай сайт уламжлал ёсоор энэ сарын 15-21-ний өдрүүдэд "2021 Welsh Open" тэмцээнийг шууд дамжуулан үзүүлэхээс гадна тоглолт бүрийн тойм мэдээллийг тогтмол хүргэх болно.