Тулааны спортын fighterpath цахим сэтгүүлд дурдсанаар UFC 261 тулаанд азийн шилдэг тулаанч Д.Батгэрэл Хавай нутгаас гаралтай Америк тулаанч Кевин Нативидад нар тулалдахыг зарлалаа.
MGL-1 холбооны 65кг жингийн аварга "Team Tungaa" дэвжээний тулаанч Д.Батгэрэл UFC холбоонд хоёр тулаан хийснээс нэг ялагдаж, нэг ялаад байгаа бол түүний өрсөлдөгч Кевин Нативидад нь мэргэжлийн рингнээ 11 тулаан хийж ес ялж, хоёр ялагдаад байгаа юм.
Кевин Нативидад өмнө нь холимог тулааны LFA холбоонд тулалдаж байсан ба өнгөрсөн оны есдүгээр сард Бриан Келлехерийн эсрэг тулалдах байсан ч ковид-19 шинжилгээний хариу эерэг гарснаар тулаан цуцлагдаж байлаа. Харин 10 дугаар сард нь UFC холбоонд анхны тулаанаа Майлес Жонсын эсрэг хийсэн ч гуравдугаар үед ялагдал хүлээсэн юм.
Харин UFC холбоо, “Team Tungaa” “One team” клубийн тамирчин Д.Батгэрэлийн хувьд UFC-д 2019 оны наймдугаар сард UFC-д анхны тулаанаа Өвөрмонгол залуу Алтанхилтэй тулалдан ялагдсан хэдий ч тухайн үдшийн хамгийн шилдэг тулаанаар нэрлэгдэж байлаа.
Харин хоёр дахь тулаанаа өнгөрсөн оны гуравдугаар сард Аргентин тулаанч Гуидо Каннеттигтэй хийж эхний үед "нам цохиж" унагасныг манай үзэгчид санаж байгаа биз ээ.
UFC 261 тулаан урьдчилсан байдлаар дөрөвдүгээр сарын 24-ий өдөр байхаар тогтоод байна.