Холимог тулааны LFA холбооны 96 дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээний 77 кг жингийн аваргын бүсний төлөөх тулаанд Монгол тулаанч хүч үзнэ.
MGL-1 холбооны 77 кг жингийн 3 удаагийн аварга, АНУ-ын Dragon House холбооны 77 кг жингийн аварга, Хилийн цэргийн 0303 тусгай ангийн хошууч, Zorky’s MMA багийн тулаанч Д.Батсүмбэрэл Бразил улсын тулаанч Мэйкон Мендокатай Улаанбаатарын цагаар маргааш өглөө /12 дугаар сарын 5/ тулалдахаар боллоо.
Тулаан АНУ-ын Канзас мужийн Парк Сити дэх Хартман Аренад зохион байгуулагдах ба ковид-19 цар тахлын улмаас цөөн тооны үзэгчдийн хүрээнд явагдана. Д.Батсүмбэрэлтэй тулалдах Бразил тулаанчийн хувьд нийт 14 тулаан хийж 10 ялаад байгаа ба сүүлийн дөрвөн тулаанд ялагдаагүй яваа шилдэг тулаанч юм.