Мэргэжлийн снукер биллиардын чансаа олгох "Northern Ireland Open 2020" тэмцээний шөвгийн 8-ын төлөөх тоглолтууд явагдлаа.
Урьд шөнө тэмцээний хэсгийн тоглолтууд явагдсан ба дэлхийн чансааг тэргүүлэгчид болох Ж.Трамп /дэлхийн чансааны №1/, Р.О.Сулливан /№2/ нар таамгийн дагуу шөвгийн 8-д шалгарлаа.
Ж.Трамп энэ тэмцээнд тун "өнгөтэй" байгаа ба хэсгийн тоглолтод БНХАУ-ын Гао Янгийг 4:0 харьцаагаар хожих үеэрээ өөрийн карьерийнхаа тав дахь 147 оноог авсан байна.
Тэрээр урьд шөнө хэсгийн аваргын төлөөх тоглолтод дэлхийн чансааны 34-т эрэмбэлэгдэж буй Английн Мартин Гоулдыг 4:1 харьцаагаар буулган авсан юм. Хоёр тамирчны хувьд 22 дахь учраа тааран тоглож буй нь энэ бөгөөд Ж.Трамп аварга өрсөлдөгчөө 14 дэх удаагаа хожиж байна.
Таамгийн дагуу дэлхийн зургаан удаагийн аварга Ронни О Сулливан хэсгийн аварга болсон. Тэрээр энэ удаад өөрийнхөө Тайланд хувилбар буюу Тепчаяа Ун-Ног 4:2 харьцаагаар хожсон байна.
Шөвгийн 8-ын эхний тоглолт өнөө орой Улаанбаатарын цагаар 20:00 цагт Ж.Трамп болон Скотт Доналдсан нарын тоглолтоор эхлэх ба манай сайт уламжлал ёсоор шууд дамжуулан үзүүлэх болно.