Олимпийн эрхийн оноо олгох жүдо бөхийн Унгарын их дуулга тэмцээний эхний өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.
Өнөөдөр хуваарь ёсоор эрэгтэйчүүдийн -60кг, -66кг жин, эмэгтэйчүүдийн -48кг, -52кг, -57кг жингийн барилдаанууд явагдаж манай есөн бөх татамид зодоглолоо. Өнөөдөр зодоглосон манай бөхчүүдийн оноолтыг ЭНД дарж үзнэ үү.
Энэ өдөр барилдсан манай 9 бөхөөс гурван бөх хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо. Тодруулбал:
- Эрэгтэйчүүдийн -66кг жинд Б.Эрхэмбаяр эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Унгарын бөхийг ялж гуравдугаар тойрогт С хэсгийг тэргүүлэн барилдсан ДАШТ-ий хүрэл медальт Израилийн Фликер Таллыг нэмэлт цагт цэвэр ялсан. Улмаар хэсгийн аваргын төлөө ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Азербайжаны Орхан Сафаровт ялагдан дагах барилдаанд Белгийн Ван Гансбек Кеннетийг ялснаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.
- Эмэгтэйчүүдийн -48 кг жинд залуучуудын ДАШТ-ий хүрэл, Мастерсийн мөнгөн медальт Г.Наранцэцэг эхний тойрогт Чилийн бөхийг цэвэр ялж хоёрдугаар тойрогт С хэсгийг тэргүүлэн барилдсан Португалийн К.Катаринаг ялж хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй болсон. Улмаар хэсгийн аваргын төлөө залуучуудын ДАШТ-ий хошой хүрэл медальт Сербийн А.Стоядиновтой барилдан ялагдаж дагах барилдаан хийсэн юм. Дагах барилдаанд залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Испанийн Мартинез Абеленда Лаураг ялж хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо. Хүрэл медалийн төлөө Израилийн Ришони Ширатай барилдана.
- Эрэгтэйчүүдийн -60кг жинд залуучуудын ДАШТ-ий хүрэл, Екатеринбургийн их дуулгын алтан медальт Л.Өнөболд эхний тойрогт Грекийн бөхийг, хоёрдугаар тойрогт Голландын бөхийг тус тус ялж D хэсгийн аваргын төлөө дэлхийн аваргын мөнгөн медальт ОХУ-ын Роберт Мшвидовазед ялагдаж дагах барилдаан хийсэн юм. Дагах барилдаанд Казахстаны Киргизбаев Гусмантай барилдан ялснаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.
Медалийн төлөөх барилдаан Улаанбаатарын цагаар 23:00 цагт эхлэх ба манай сайт уламжлал ёсоор шууд дамжуулан үзүүлэх болно.