Жүдо бөхийн төрлөөр олимпийн наадамд медаль хүртсэн домогт бөхчүүдээ цувралаар танилцуулж байна.
Монголын жүдочид зуны олимпийн наадмаас нэг алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль буюу нийт найман медаль хүртээд байна.
Бид өмнөх дугаартаа монголын жүдочдоос хамгийн анхны олимпийн медалийг хүртсэн Ардын багш, МУГТ Ц.Дамдин, МУГТ Р.Даваадалай нарыг танилцуулсан билээ. Уг нийтлэлийг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.
Харин өнөөдөр 1996 оны Атлантагийн олимпийн наадамд Монгол улсаас цорын ганц медаль буюу жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -60 кг жинд хүрэл медаль хүртсэн МУГТ Д.Нармандахын тухай өгүүлэхээр бэлтгэлээ.
1995 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс -60 кг жинд Д.Нармандах, -65 кг жинд П.Нямлхагва, -71 кг жинд Х.Болдбаатар нар олимпийн наадамд оролцох эрхээ авсан бол мэдүүлэг нь хоцорч очсоны улмаас эмэгтэйчүүд маань барилдаж чадаагүй юм. 1996 оны Атлантагийн олимпийн наадамд манай улсаас долоон спортын төрлөөр 16 тамирчин оролцсоны гурав нь жүдо бөхийн төрлөөр оролцсон байдаг.
Атлантагийн олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээн хүнд жингийн барилдаанаар эхэлсэн ба манай бөхчүүд сүүлийн өдрүүдэд барилдах болсон юм. -71 кг жинд МУГТ, МУГД Х.Болдбаатар Аргентин, АНУ, Гүржийн бөхчүүдийг ялж хагас шигшээд тухайн жинд олимпийн аварга болсон Японы К.Накамурад ялагдсан байдаг. Хоёр бөхийн хувьд өмнө нь 1995 оны Прагийн дэлхийн цомын финалд учраа тааран барилдахад манай бөх ялж байсан юм. Харин П.Нямлхагвын хувьд ах Юкимаса Накамурад нь ялагдан медальгүй хоцорсон юм.
Ийнхүү манай жүдочдийн сүүлийн найдвар болсон Д.Нармандах хамгийн сүүлийн өдөр барилдлаа. Түүний жинд 34 орны бөх зодоглосон ба Д.Нармандах эхний тойрогт Пуэрто-Рикогийн бөхийг цэвэр ялж 1/8-д 1995 онд европийн аварга болсон Их Британийн Н.Донахьютай барилдан юүко үнэлгээгээр яллаа. Улмаар Узбекистаны бөхийг цэвэр ялж хагас шигшээд шалгарсан юм. Мөнгөн медалийн төлөө олимпийн гурван удаагийн аварга Тадахиро Номуратай хүч үзэн ялагдан дагах барилдаан хийхээр боллоо. Дагах барилдаанд Беларусийн Натик Багировтой барилдахаар болсон ба Д.Нармандахын хувьд өмнө нь Багировт ялагдаад байсан тул даагаа нэхэхээр дэвжээнд гарсан нь мэдээж. Тус барилдаанд тун сайхан үүрч цэвэр ялснаар Атлантагийн олимпийн наадмаас монголын цорын ганц медалийг хүртлээ.
Тэрбээр олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэнийхээ дараа Ази тивийн аваргад түрүүлсэн түүхтэй. Энэхүү амжилт нь монголын жүдочдоос хамгийн анхны тивийн аваргын алтан медаль байлаа.