Жүдо бөхийн төрлөөр олимпийн наадамд медаль хүртсэн домогт бөхчүүдээ цувралаар танилцуулж байна.
Монгол улс олимпийн их наадмаас хамгийн олон медалийг чөлөөт бөхийн төрлөөр хүртсэн байдаг бол медалийн чанараар жүдо бөхийн төрөл тэргүүлдэг байна.
Монголын жүдочдын олимпийн медалийн гараа 1980 оны Москвагийн олимпийн наадамд тохиож хоёр медаль хүртсэн байдаг. Ардын багш, МУГТ Ц.Дамдин эрэгтэйчүүдийн 65 кг жинд мөнгөн медаль, 71 кг жинд МУГТ Р.Даваадалай хүрэл медаль тус тус хүртэж байлаа. Тэр цагаас хойш манай жүдогийн тамирчид олимпийн наадмаас нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль буюу нийт найман медаль хүртээд байна.
1980 оны Москвагийн зуны 22 дугаар олимпийн наадамд 30 насандаа зодоглосон Р.Даваадалай эхний тойрогтоо Гвиней улсын жүдоч А.Диаллог, хоёрдугаар тойрогт 1979 оны ДАШТ-ий хүрэл медальт ЗХУ-ын жүдоч Тамаз Намгалауриг, гуравдугаар тойрогт Куба улсын жүдоч Рикардо Пуэрто Хименес-ийг тус тус ялсан юм. Харин хагас шигшээ барилдаанд тус олимпийн дэвжээнд аваргалсан Италийн алдарт жүдоч, ДАШТ-ий хошой мөнгөн медальт Эцио Гамбад ялагдсан байна. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Францын жүдоч Кристиан Диог ялж хүрэл медаль хүртсэн байна.
МУГТ Ц.Дамдин агсан /1957-2018/ агсан Москвагийн олимпийн татамид эхний тойрогтоо Зимбабве улсын бөхтэй барилдаж цэвэр ялж, дараа нь Францын бөхийг юүко, гуравдугаар тойрогт Шведийн бөх Бедроныг коко үнэлгээгээр тус тус ялж хэсгийн аваргын төлөөх барилдаанд Польшийн бөх Павловскийг ялсан байна. Олимпийн алтан медалийн төлөө ЗХУ-ын бөх Солодухинтай барилдаж эхлээд нэг юүко үнэлгээ алдсан, дараа нь түүнээс нэг юүко үнэлгээ авч оноо тэнцүү явж байсан бөгөөд түүнийг шидогоор торгож олимпийн мөнгөн медалийн эзэн түүхтэй.