Токио-2020 олимпийн их наадамд албан ёсоор хойшлогдсон болон цаг үеийн нөхцөл байдлын талаар олон улсын спортын холбоод өөр өөрсдийн байр суурийг илэрхийлсээр байна.
Цар тахлын тархалт дэлхий нийтийг хамраад буй энэ цаг үед бүхий л төрлийн спортын төлөвлөгөөт уралдаан тэмцээн бүгд цуцлагдаж, тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байгаа билээ. Өнөөдөр дэлхийн таеквондогийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдэгдэл гаргасан ба уг мэдэгдлээс онцлох хэсгүүдийг нь түүвэрлэн хүргэж байна. Үүнд:
- 2021 онд зохион байгуулагдах 25 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг товыг өөрчлөх болсон байна. БНХАУ-ын Вуши хотноо тавдугаар сард ДАШТ-ийг зохион байгуулах урьдчилсан товтой байсан хэдий ч олимпийн их наадам хойшлогдож буйтай холбоотойгоор 2021 оны дөрөвдүгээр улиралд зохион байгуулах урьдчилсан шийдвэрт хүрсэн байна.
- Олимпийн наадмын сонгон шалгаруулалтын тэмцээнээ хийсэн бүсүүд буюу Африк, ПанАмерик, Далайн орнуудын эрхээ авсан тамирчдын эрхэд өөрчлөлт оруулахгүй байхаар шийдсэн байна.
- Харин Ази, Европ тивийн олимпийн эрхийн тэмцээнийг энэ ондоо буюу 2020 онд багтан явуулах шийдвэр гаргасан байна. Харин яг тодорхой хугацаа болон тэмцээн зохион байгуулагдах байршил нь корона вирусын нөхцөл байдлаас хамаарах юм.
- Урьдчилсан байдлаар тавдугаар сарын сүүл хүртэл Дэлхийн таеквондогийн холбооноос ямар нэгэн тэмцээн зохион байгуулахгүй болно.
- 2020 оны 10 дугаар сард төлөвлөгдсөн залуучуудын ДАШТ, 11 дүгээр сард зохион байгуулах Гран-при финал тэмцээнүүд хуваарийн дагуу явагдах тул зохион байгуулах хорооныхон тус тус бэлтгэл ажлаа сайтар хангахыг үүрэг болгосон байна.
Дэлхийн таеквондогийн холбооны ерөнхийлөгч ноён Чой Чунвон мэдэгдлийнхээ эцэст: "Дэлхийн таеквондогийн гэр бүлийнхэн одоогийн саад бэрхшээлийг эрсдэл багатайгаар даван туулж урьд өмнөхөөсөө илүү хүчтэйгээр эргэн ирнэ гэдэгт итгэлтэй байна" хэмээжээ.