Коронавирусийн тархалтын улмаас бүх төрлийн спортын тамирчид хөл хорио тогтоогдон бэлтгэл сургуулилт нь тасраад багагүй хугацаа өнгөрөөд байна.
Монголын таеквондогийн холбооны зүгээс хөл хориотой байгаа энэ өдрүүдэд гэрийн нөхцөлд бэлтгэлээ тасалдуулалгүй хийж буй тамирчдаа дэмжих зорилгоор "Таеквондочид бэлтгэлээ тасалдуулдаггүй" хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна. Энэ нь таеквондогийн тамирчид гэрийн нөхцөлд бэлтгэлээ хэрхэн хийж буй бичлэгээ илгээн бусад тамирчдынхаа бичлэгтэй өрсөлдөх ажээ. Шалгарсан тамирчнаа холбооны зүгээс 800 гаруй мянган төгрөгийн үнэлгээ бүхий таеквондогийн иж бүрэн хамгаалалтын хэрэгсэл өгөх юм байна.
Монголын таеквондогийн холбооны энэхүү санаачилгыг дэлхийн олон улс, оронд зөв зүйтэй санаачилга хэмээн үнэлэхийн сацуу хэрэгжүүлж эхэлсэн байна. Тухайлбал Паратаеквондогийн дэлхийн холбооноос паратаеквондогийн тамирчдыг гэртээ бэлтгэл хийх замаар саад бэрхшээлийг хэрхэн даван туулж байгаагаа бусдад харуулах зорилго бүхий "KickingItAtHome" хөтөлбөрийг мөн хэрэгжүүлэхээр болсон байна. Энэхүү хөтөлбөрт нь дэлхийн аварга Алеандро Видал /Испани/, европын аварга Италийн Антонино Боссоло /Итали/ нарын олон алдартай тамирчид идэвхтэй хамрагдан бичлэгээ илгээсэн байна. Мөн түүнчлэн дэлхийн аварга Ж.Ачаб /Бельги/ мөн энэхүү аянд нэгдэн өөрийн бэлтгэлийн бичлэгийг цуврал хэлбэрээр илгээхийн сацуу бусдыгаа хүчтэй байхыг уриалсан байна.
Заал, танхимдаа очиж чадахгүй ч гэртээ өөрийгөө бэлдэж буй тамирчдадаа амжилтын дээдийг хүсэхийн сацуу эрүүл энхийг хүсэн ерөөж байна.