Спорт мэдээ, мэдээллийн www.lievtv.mn/sport суваг олимпийн их наадмаас хамгийн олон медаль хүртсэн аваргуудыг цувралаар танилцуулж байна.
- Усанд сэлэлтийн ганцаарчилсан болон багийн төрлөөр нийт Олимпийн их наадмаас 28 медаль хүртсэн "хүн загас" Майкл Фелпсийг танилцуулсан ба уг нийтлэлийг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.
- Олимпийн их наадамд уран гимнастикийн төрлөөр нийт 18 медаль хүртсэн ЗХУ-ын домогт тамирчин Лариса Латынинагийн тухайн нийтлэлийг ЭНД дарж үзнэ үү.
Өнөөдрийн байдлаар олимпийн наадмаас 13 медаль хүртсэн дөрвөн тамирчин байдгаас медалийн чанараар Биатлоны төрлөөр найман алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн Норвегийн цуут тамирчин Ole Einar Bjørndalen тэргүүлдэг байна.
Ole Einar Bjørndalen-г "Биатлоны Хаан" хэмээн өргөмжилдөг ба 1992 онд залуучуудын ДАШТ-д анхны медалиа хүртсэнээс хойш Биатлоны ертөнц дэх түүний "хаанчлал" эхэлсэн юм. Улмаар 1993 оны залуучуудын ДАШТ-ний боломжит дөрвөн алтан медалийн гурвыг хүртэж 1994 оны олимпийн их наадамд Норвегийг төлөөлөн оролцох эрхээ авсан байна.
Тэрээр 1994 оноос 2017 он хүртэл ДАШТ-ээс 45 медаль хүртсэний 20 нь алтан медаль. Харин 1994 оноос тасралтгүй зургаан удаа олимпийн их наадамд оролцон 13 медаль хүртсэний найм нь алтан медаль байлаа. Харин дэлхийн цомын тэмцээнд 179 удаа шагналын тавцанд зогссоны 95 алт, 53 мөнгө, 31 хүрэл медаль байлаа. Солт Лейк 2002 оны олимпийн наадамд дөрвөн алтан медаль хүртсэн нь биатлоны түүхэнд байгаагүй амжилт байлаа.
2016 онд тэрээр Беларусийн Биатлоны шилдэг тамирчин Дарья Домрачеватай гэр бүл болсон байна. Түүний эхнэр Дарья Домрачева нь олимпийн зургаан медальтай ба дөрвөн алт, нэг мөнгө, нэг хүрэл медальтай тамирчин юм. Одоо тэд хамтдаа БНХАУ-ын биатлоны шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа ба тэдний удирдсан баг 2022 оны олимпийн наадамд хэрхэн амжилт үзүүлэхийг хүлээх л үлдлээ.