Спортын домгууд булангийнхаа энэ удаагийн дугаараар чөлөөт бөхийн түүхэнд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хамгийн олон удаа түрүүлсэн Японы алдар Саори Ёшиадгийн тухай өгүүлэхээр бэлтгэлээ.
Саори Ёшида 13 удаа дэлхийн аварга болсон
Тэрээр 1998 оноос хойш бараг оролцсон бүх тэмцээндээ түрүүлсэн байна. Түүний амжилтын түүхийг сөхвөл:
Олимпийн их наадмын гурван алт, нэг мөнгө
- 2004 оны Афины олимп алт
- 2008 оны Бээжингийн олимп алт
- 2012 оны Лондонгийн олимп алт
- 2016 оны Риогийн олимп мөнгө
ДАШТ-д тасралтгүй 13 удаа түрүүлсэн бол Азийн наадамд дөрвөн удаа түрүүлсэн байна.
Товчхондоо хэлбэл 2002 оны Азийн наадмаас 2016 оны Олимпийн наадам хүртэл түүний зөвхөн Азийн наадам, ДАШТ, Олимпийн наадмуудад барилдсан барилдаануудыг тоолж үзэхэд нийт 90 барилдаан хийснээс 89 удаад нь өрсөлдөгчөө ялсан байна. Түүний ганцхан ялагдсан барилдаан нь Рио 2016 олимпийн наадмын финалд АНУ-ын Хелен Мароулист 4:1 харьцаагаар ялагдаж байлаа. Хоёр бөхийн хувьд 2011, 2012 оны ДАШТ-д учраа тааран барилдахад Саори Ёшида цэвэр ялж байсан удаатай.
Саори хоёр ахынхаа хамт гурван настайгаасаа чөлөөт бөхөөр барилдах болсон ба аав нь тэднийг дасгалжуулдаг байлаа. Түүний эцэг Эйкацү Ёшида нь чөлөөт бөхөөр цагтаа бүх Японы аварга болж байсан байна.
“Токио-2020” зуны олимпийн XXXII наадмын галт бамбарыг Японд угтан авах ёслолд эмэгтэй тамирчдаа төлөөлөн Саори Ёшида оролцсон талаар манай сайт өмнө нь мэдээлж байсан билээ. Тэрээр 2007 онд эмэгтэй тамирчдаас анх удаа Японы оны шилдэг тамирчнаар нэрлэгдэж байсан юм.