Снукер биллиардын чансааны оноо олгох 28 дахь удаагийн "Welsh Open" тэмцээний хагас шигшээ тоглолтууд урьд шөнө явагдлаа.
28 жилийн түүхэнд 14 тамирчин "Welsh Open" тэмцээнд түрүүлсэн байдаг ба хамгийн олон удаа буюу таван удаа түрүүлж хоёр удаа үзүүрлэсэн Шотландын Жон Хиггинс аварга энэ удаад шөвгийн 8-ийн тоглолтод хожигдсон. Харин түүний дараа дөрвөн удаа түрүүлж нэг удаа үзүүрлэсэн Ронни О Сулливан урьд шөнө хагас шигшээд Кайрен Вилсонд хожигдон тэмцээнээ дуусгалаа.
Кайрен Вилсон 6:5 Ронни О Сулливан
Тоглолтын эхэнд Ронни тоглолтын санаачлагыг гартаа авч тэргүүлж байсан ч завсарлагааны дараа Кайрен Вилсон хүчтэй эргэн ирэлт хийж 6:5 харьцаагаар домогт аваргыг буулган авлаа. Кайрен Вилсон хамгийн сүүлд буюу ердөө нэг л удаа Ронни аваргыг хожиж байсан нь одоогоос дөрвөн жилийн өмнө Ирландын нээлттэй тэмцээн байлаа.
Шаун Мөрфи 6:5 Ян Бинтао
Хагас шигшээ нөгөө учраа болох 2005 оны дэлхийн аварга Шаун Мөрфи БНХАУ-ын өсөж буй залуу тамирчин Ян Бинтаотай мөн л ширүүхэн өрсөлдөөнийг үзүүлж Шаун Мөрфи туршлага заан 6:5 харьцаагаар хожин шигшээ тоглолтод шалгарч үлдлээ. Тэд карьерийнхээ туршид зургаа дахь удаагаа учраа таарч буй нь энэ бөгөөд Шаун Мөрфи дөрөв дэх удаагаа Ян Бинтаог хожлоо.
Ийнхүү финалын тоглолтод өнөө орой Кайрен Вилсон болон Шаун Мөрфи нар тоглоно. Хэн нь түрүүлсэн бай "Welsh Open" тэмцээнд анх удаа түрүүлж буй шинэ аварга болох юм. Манай сайт уламжлал ёсоор шигшээ тоглолтыг шууд дамжуулан үзүүлэх болно.