Снукер биллиардын чансааны оноо олгох 28 дахь удаагийн "Welsh Open" тэмцээний нэгдүгээр шатны тоглолтууд явагдаж дууслаа.
Нийт 128 тамирчин өрсөлдөж буй томоохон тэмцээний нэгдүгээр шат явагдаж хоёрдугаар шатанд 64 тамирчин үлдлээ. Урьд шөнийн тоглолтуудаас хамгийн сонирхолтой тоглолтуудын бичлэгийг толилуулж байна.
Ронни аварга Хятадын залуу тамирчинд "хичээл заав"
"Welsh Open" тэмцээний дөрвөн удаагийн аварга Ронни О Сулливан нэгдүгээр тойрогт БНХАУ-ын залуу тамирчинтай тулсан ба тоглолтын эхнээс илүүрхэн хожил байгуулснаар дараагийн шатанд хөнгөхөн шалгарлаа. Мэдээж маш хурдан тоглолтыг үзүүлсэн ба цохилт хоорондын дундаж хугацаа 14.4 секунд байсан нь үндсэндээ шуурхай хугацаанд өрсөлдөгчөө "машиндсан" гэсэн үг.
Жон Хиггинс "Welsh Open" тэмцээнд хамгийн олон удаа түрүүлсэн аварга
Шотландын Жон Хиггинс аварга "Welsh Open" тэмцээнд хамгийн олон удаа буюу таван удаа түрүүлж, хоёр удаа үзүүрлээд байгаа юм. Тэрээр урьд шөнө эхний тоглолтоо Английн залуу тоглогч Жое О Коннортой хийлээ. Өнгөрсөн жил хоёр тоглогч Welsh Open, China Open тэмцээнүүдэд учраа таарахад Жое О Коннор хожоод байсан бол энэ удаад Жон Хиггинс аваргын хожих ээлж байж.
К.Вилсон энэ тэмцээний анхны 147 оноог авлаа
Сүүлийн үед маш хүчтэй тоглолтуудыг үзүүлж буй Английн К.Вилсон урьд шөнө Велсийн Ж.Пейжтэй хийсэн эхний тоглолтдоо снукер биллиардын хамгийн өндөр оноо болох 147 оноог авсан байна. К.Вилсоны хувьд өнгөрөгч долоо хоногт зохион байгуулагдсан Дэлхийн гранпри тэмцээнд шилдгүүдийг буулган авч хагас шигшээ хүртэл тоглосон ба шинэчилсэн чансаагаар дэлхийн чансааны 8-д эрэмбэлэгдэх болсон байна.