ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит чөлөөт бөхийн “Алтан Гранпри” тэмцээн өнгөрөгч долоо хоногт амжилттай зохион байгуулагдаж дууслаа.
Монгол улсаас энэ удаагийн тэмцээнд 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцож гурван алт, гурван мөнгө, зургаан хүрэл, нийт 12 медальтай эх орондоо ирэхээр боллоо. Манай сайт гурав хоногийн турш тэмцээнийг шууд дамжуулан үзүүлэхээс гадна медаль хүртсэн тамирчдынхаа барилдааны бичлэгийг цувралаар хүргэж байгаа билээ. Тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн -50 кг жинд Алтан медаль хүртсэн Ц.Намуунцэцэгийн барилдааны бичлэгийг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.
Б.ШООВДОР ТАВАН ЖИЛИЙН ДАРАА ДАХИН АВАРГАЛАВ
Эмэгтэйчүүдийн -59 кг жинд “Будапешт-2018”, “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор Монголын багийн хоёр дахь алтан медалийг эх орондоо авчирлаа.
Тэрбээр тэгшитгэлд Беларусийн Анастасия Гучокыг ялж улмаар 1/4 шигшээд ОХУ-ын Валерия Дондуповаг цэвэр ялсан юм.
Хагас шигшээд Казахстаны Мадина Бакбергеноваг цэвэр ялж алтан медалийн төлөө барилдах эрхтэй болосн юм.
Алтан медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын Хадижат Муртузалиеваг ялснаар тус тэмцээний хошой аварга боллоо.
Б.Шоовдор одоогоос таван жилийн өмнө буюу 2015 онд Красноярскийн дэвжээнд аваргалж байсан бөгөөд хоёр болон түүнээс дээш түрүүлсэн Монголын гурав тамирчин болж байна. Түүнээс өмнө нь гавьяат тамирчин П.Орхон гурав (2016, 2017, 2018 он) хөдөлмөрийн баатар С.Батцэцэг хоёр удаа (2015, 2019) түрүүлж байлаа.