Чөлөөт бөхийн 31 дэх удаагийн Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри” тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн -50 кг жинд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл, Азийн аварга, өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт, үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүллээ.
Тэрбээр “Бага дэлхийн аварга”-аас Монгол улсын тамирчдын 15 дахь алтан медалийг хүртэж байгаа нь энэ юм. Энэ жинд 18 бөх барилдсан бөгөөд Ц.Намуунцэцэг 1/8 шигшээд Казахстаны Светлана Анкичева, шөвгийн наймд Узбекистаны Даулетбик Яхшимуратова, хагас шигшээд эзэн орны Анжелика Ветошкинаг тус бүр оноогоор цэвэр ялсан юм.
Алтан медалийн төлөөх барилдаанд 23 хүртэлх насны ДАШТ-ий хошой хүрэл медальт ОХУ-ын Надежда Соколоватай хүч үзэв. Манай бөх түүнд сүүлийн хоёр жилийн хугацаанд гурван удаа барилдахад бүгдэд нь ялагдаад байсан. Тэгвэл энэ удаа Красноярскийн дэвжээнд түүнээс даагаа сайхан нэхэж 7:2-оор ялснаар аваргын тавцанд зогслоо.