44 дэх удаагийн шайбтай хоккейн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн урьд шөнө эхэллээ.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн тоглолтууд ганган байлаа.
КАНАД 6:4 АНУ
Урьд шөнийн хамгийн оргил тоглолт бол яах аргагүй Канад болон АНУ-ын хүчирхэг багуудын тоглолт байлаа. В хэсгээс гарах хамгийн өндөр магадлалтай баг эхлээд учраа таарлаа. Тоглолтыг АНУ-ын залуучууд хошуучилж нэгдүгээр үед 2:0 харьцаагаар тэргүүлсэн ч хоёрдугаар үед Канадчууд хариуг нь гурван гоолоор барилаа. Гуравдугаар үед 3:2 харьцаагаар Канадын залуучууд нэг гоолын илүүтэйгээр эхлүүлж, улмаар дахин гурван гоол оруулж хэсгийн хамгийн хүчтэй өрсөлдөгчөө буулган авлаа.
ЧЕХ 4:3 ОХУ
В хэсгийн дараагийн хоёр хүчирхэг багууд болох Чех, ОХУ-ын тоглолт бас тун өрсөлдөөнтэй явагдлаа. Тоглолтын эхнээс Чехийн залуучууд санаачлагыг гартаа авч илүүрхсээр дуусгалаа. Өнгөрсөн жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд энэ хоёр баг А хэсэгт багтаж хоорондоо тоглоход ОХУ-ын баг 2:1 харьцаагаар хожиж байсан бол энэ удаад Чех залуучууд тун сайн бэлдэж ирсэн нь эхний тоглолтоос анзаарагдаж байлаа.
ШВЕЙЦАРИ 5:3 КАЗАХСТАН
1998 оны дэлхийн аваргын хүрэл медальт Швейцарийн баг энэ удаагийн дэлхийн аваргад оролцож буй цорын ганц Ази тивийн төлөөлөл болох Казахстаны багийг 5:3 харьцаагаар буулган авлаа. Тоглолтын гуравдугаар үед 3:3 оноотой тэнцүүхэн эхэлсэн ч Швейцаричууд нэмж хоёр гоол оруулаад амжлаа. Хоёр багийн хувьд А хэсэг дэх хамгийн сул багаар нэрлэгдэж байна.
ШВЕД 3:2 ФИНЛАНД
Өнгөрсөн жилийн дэлхийн аварга Финландын баг өөрсдийн мөнхийн өрсөлдөгчид болох дэлхийн аваргын хошой алт, 11 удаагийн мөнгө, таван удаагийн хүрэл медальт Шведийн залуучуудтай учраа тааран тоглолоо. Өнгөрсөн жил тэд В хэсэгт учраа тааран тоглоход Швед 2:1 харьцаагаар хожиж байсан бол энэ удаад 3:2 харьцаагаар дахин хожлоо.