Холимог тулааны ONEFC холбооны OneWarriorSeries тулаанд 100.000 ам.долларын гэрээг үзэглэсэн Монголын анхны тулаанч Ширэн Бээлий, ZorkysMMA багийн тулаанч З.Шинэчагтага шинэ оны эхэнд тулалдана.
2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Тайланд улсын Бангкок хотноо З.Шинэчагтага БНХАУ-ын тулаанч Ма Жиа Вентэй тулалдахаар боллоо. Хоёр тамирчны хувьд энэ оны 11 дүгээр сард тулалдах тов гараад байсан ч цуцлагдаад байсан юм. Хятад тулаанч Ма Жиа Вен нь БНХАУ-ын Тенжин хотын Tianjin Top Team багт харьяалагддаг бөгөөд нийт найман тулаанд орж, хоёр удаа ялагдаж, зургаан удаад нь өрсөлдөгчөө ялаад байгаа юм. Тэрээр хамгийн сүүлд 2018 оны зургаадугаар сард Тайланд тулаанчыг ялсан байна.
Харин З.Шинэчагтагын хувьд энэ оны зургаадугаар сард БНСУ-ын шилдэг тулаанч "Арслан" хочит Хюн Жин Лийг ердөө нэг минутын дотор хүнд цохилтоор буулган авсан юм. Солонгос тулаанч Хян Жин Лийгийн хувьд өмнөх өрсөлдөгчдөө бүгдийг нь дутуу гаргаж байсан бол энэ удаад Монгол тулаанчын өмнө хүчин мөхөстлөө.