Оны төгсөлд спортын салбарын шилдгүүдээ тодруулдаг МҮОХ-ны тэргүүн дээд шагнал гардуулах ёслол "Бөртэ чоно 2019" наадам уламжлал ёсоор болж, шилдгүүдээ тодрууллаа. Өнгөрч буй 2019 онд тив, дэлхийд эх орныхоо нэрийг цуурайтуулсан бахдам амжилттай тамирчид энэхүү наадамд шилдгээр шалгарсан юм.
Спортын мэдээллийн мэргэжлийн төрөлжсөн www.livetv.mn/sport суваг хоёр дахь жилдээ "Бөртэ Чоно"-наадмын шилдгээр шалгарсан тамирчдынхаа видео бичлэгүүдийг цувралаар хүргэж байна.
Спортын сэтгүүлчдийн саналаар Монголын Боксын үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Э.Цэндбаатар МҮОХ-ны тэргүүн дээд шагнал “Бөртэ Чоно-2019”-ын шилдгийн шилдэг эрэгтэй тамирчнаар шалгарч шилжин явах цомын эзэн боллоо.
Тэрээр энэ оны дөрөвдүгээр сард Тайланд улсын нийслэл Бангкок хотноо зохион байгуулагдсан сонирхогчдын боксын ази тивийн аварга шалгаруулах тэмцээний -60 кг жинд бүх өрсөлдөгчдөө илүүрхэн ялсаар аварга болсон юм.
2019 оны долоодугаар сарын 18-28-ны өдрүүдэд Тайланд улсад зохион байгуулагдсан Сонирхогчдын боксын нэр хүнд, шагналын сан өндөртэй Тайланд Опен-2019 олон улсын тэмцээний -60 кг жинд Э.Цэндбаатар алтан медаль хүртлээ.
2019 оны есдүгээр сарын 9-21-ний өдрүүдэд ОХУ-ын Екатеринбург хотноо эхэлсэн Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн 20 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 57кг жинд Э.Цэндбаатар чансаагаараа 3-т эрэмбэлэгдэн оролцож эхний тулаануудаас өрсөлдөгч бүрээ илт давуугаар буулган авсаар хүрэл медаль хүртсэн юм. Мөнгөн медалийн төлөөх тулаанд Жакарта Азийн наадам болон Ази тивийн 56кг жингийн аварга Узбекистаны Миразизбек Мирзахалиловтой тун тэнцүүхэн тулалдсан ч харамсалтай нь шүүгчид Узбекийн тамирчинд ялалтыг өглөө. Ийнхүү Э.Цэндбаатар дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн нь Монголын боксчдын дэлхийн аваргаас хүртэж буй 11 дэх медалийн эзэн болсон юм.
Дээрх бүх тэмцээнийг манай сайт цаг тухай бүрт нь шууд дамжуулан үзүүлж байлаа.
mundag baina shyy. Tand az jargal, eryyl enh, ulam ich amjilt Hysen erooe