Жүдо бөхийн дэлхийн аварга Моллаей Саеид Монгол улсын иргэншилтэй боллоо.
Энэ оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн аваргаа батлахаар оролцсон тэрбээр бүх өрсөлдөгчөө илүүрхэн ялж байсан ч Израилийн бөхтэй барилдахыг нь Ираны засгийн газраас хориглож "зориудаар" ялагдсаны эцэст эх орноосоо дүрвэх болсон юм. Энэ талаар манай сайт тухайн үед нь "Улс төрийн төрийн золиос болсон жүдоч" нийтлэлээрээ дэлгэрэнгүй мэдээлсэн билээ.
Тэрбээр дэлхийн аваргын дараа эх нутагтаа буцалгүйгээр Герман улсаас улс төрийн орогнол хүсэж байсан юм. Харин IJF буюу олон улсын жүдо бөхийн холбоо тамирчнаа бүхий л талаар хамгаалах үүднээс түүнийг Олон улсын цагаачдын багийн бүрэлдэхүүнд багтаан Осакагийн их дуулга тэмцээнд оролцуулахын сацуу Иран улсын жүдо бөхийн холбоог гишүүнчлэлээсээ хасах болсноо зарласан билээ.
Моллаей Саеид Осакагийн их дуулга тэмцээнээс шууд Монгол улсад ирж Монгол улсын Ерөнхийлөгч бөгөөд Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзсан уулзалтын үеэр түүнд Монголын улсын иргэншил хүссэн хүсэлтийг нь ёсоор болгосныг мэдэгдсэн байна. Өнгөрөгч сарын 20-ны өдөр буюу Осакагийн их дуулга тэмцээн эхлэхээс хоёр хоногийн өмнө түүнд Монгол улсын иргэншил олгосон байлаа.
Тэрээр Монгол улсын нэрийн өмнөөс барилдах эхний тэмцээн нь энэ сарын 12-14-ны өдрүүдэд БНХАУ-д зохион байгуулагдах зөвхөн шилдэг тамирчид урилгаар оролцдог Чиндао Мастерс тэмцээн байх юм. Ийнхүү Чиндао Мастерс тэмцээний эрэгтэйчүүдийн -81кг жинд Монгол улсаас Моллаей Саеид, О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн нарын гурван бөх барилдахаар болж байна. Моллаей Саеид Иран улсын нэрийн өмнөөс барилдаж байхдаа Монгол бөхчүүдтэй хэрхэн барилдаж байсан талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид удахгүй хүргэх болно.
Goy