Жүдо бөхийн ертөнцөд "Бага дэлхийн аварга" хэмээн өргөмжлөгддөг Осакагийн их дуулга тэмцээн энэ сарын 22-24-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Нэр хүнд, чансаа өндөртэй Осакагийн их дуулга тэмцээнд урьдчилсан байдлаар 94 орны 534 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. Манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй 4 буюу нийт 14 жүдоч оролцох бол тэмцээнийг зохион байгуулагч эзэн орон болох Япон улсын хувьд эрэгтэй 28, эмэгтэй 28 буюу нийт 56 жүдоч оролцох юм.
Харин ОХУ болон БНСУ-аас тус бүр 26 жүдоч оролцох юм байна.
Энэхүү тэмцээн нь анх эрэгтэйчүүдийн ангиллаар 1978 оноос зохион байгуулагдаж эхэлсэн түүхтэй бөгөөд эмэгтэйчүүдийн ангилал 2007 оноос зохион байгуулагдаж эхэлсэн юм. Манай улсаас Токиогийн их дуулга буюу одоогийнхоор Осакагийн их дуулга тэмцээнд эмэгтэйчүүдийн МУГТ М.Уранцэцэг 2016 онд, эрэгтэйчүүдээс О.Ууганбаатар 2017 онд тус тус түрүүлээд байгаа юм.