Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгар улсын Будапешт хотноо зохион байгуулагдаж байна.
Өчигдөр тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн -57кг, -65кг, -70кг, -79кг, -97кг жингүүдийн дагах барилдаан, мөн түүнчлэн эрэгтэйчүүдийн -61, -74, -86, -92, -125 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан явагдлаа. Манай улсаас дагах барилдаанд -57кг жинд З.Занабазар, -70кг жинд Э.Тэмүүлэн барилдлаа. Дагах барилдааны тоймыг толилуулж байна. Манай бөхчүүдийн хэсгийн урьдчилсан барилдааны тоймыг үзэхийг хүсвэл энд дарна уу.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН -57кг жинд З.Занабазар:
Азийн АШТ-ий мөнгө, өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Занданбудын Занабазар дагах барилдаанд Кыргызстаны Алмаз Шамбековыг оноогоор цэвэр (13:2) яллаа.
Хүрэл медалийн төлөөх барилдаанд энэ жилийн Тбилисийн ОУТ-ий хүрэл медальт Ираны Алиреза Сарлакт 4:7-гоор ялагдлаа.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН -70кг жинд Э.Тэмүүлэн:
Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга ОУХМ Э.Тэмүүлэн дагах барилдаанд Энэтхэгийн Навеенийг 8:6-гаар яллаа.
Хоёр дагах барилдаанаа энэ жилийн 23 хүртэлх насны ЕАШТ-ий хүрэл медальт Азербайжаны Дауд Ибрагимовтой хийж 2:12-оор ялагдснаар тэмцээнээ өндөрлүүлэв.
Манай сайт чөлөөт бөхийн 23 хүртэлх насны ДАШТ-ийг шууд дамжуулан үзүүлэхээс гадна Монгол бөхчүүдийнхээ өдөр өдрийн барилдааны тоймыг бичлэгээр толилуулсаар байгаа билээ. Тун удахгүй өчигдрийн бусад бөхчүүдийнхээ барилдааны тоймыг толилуулах болно.