Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгар улсын Будапешт хотноо өчигдөр албан ёсоор эхэллээ.
Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн -57кг, -65кг, -70кг, -79кг, -97кг жингүүдийн барилдаанаар эхэлсэн ба манай улсаас З.Занабазар (57 кг), А.Мөнх-Эрдэнэ (65 кг), Э.Тэмүүлэн (70 кг), Д.Батзул (79 кг), Э.Батмагнай (97 кг) нар барилдлаа. Манай бөхчүүд урьдчилсан барилдаанд хэрхэн барилдсан тоймыг толилуулж байна.
Эрэгтэйчүүдийн -57кг жинд З.Занбазар:
Насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий мөнгө, өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ З.Занабазар 1/8 шигшээд энэ жилийн залуучуудын ЕАШТ-ий хүрэл медальт, тэмцээнийг зохион байгуулагч эзэн орны Гамзатгажи Халидовтой хийж 8:4-өөр ялав. Тэрбээр шөвгийн наймд өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Казахстаны Адлан Аскаровт 5:7-гоор ялагдсан ч Казахстаны бөх шигшээ барилдаанд шалгарсан тул манай бөх өнөөдөр дагаж барилдах эрхтэй боллоо.
Эрэгтэйчүүдийн -70кг жинд Э.Тэмүүлэн:
Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Э.Тэмүүлэн өчигдөр манайхны салхийг хагалж эхний ялалтаа авсан. Тэрээр Беларусийн Александр Павлюченког оноогоор цэвэр (10:0) ялсан юм.
1/8 шигшээд 2018 оны залуучуудын Европын аварга ОХУ-ын Черман Валиевтай барилдан ялагдлаа. Хоёр бөхийн хувьд өмнө нь 2017 оны Дмитрий Коркиний нэрэмжит олон улсын тэмцээний хүрэл медалийн төлөө барилдахад манай бөх ялагдаж байсан ба энэ удаад хоёр дахиа ялагдлаа. ОХУ-ын Черман Валиев шигшээ барилдаанд шалгарсан тул манай бөх өнөөдөр дагах барилдаан хийх эрхтэй боллоо.
Эрэгтэйчүүдийн -65кг жинд А.Мөнх-Эрдэнэ:
“Хасу-Мегастарс” клубийн тамирчин, спортын мастер Алтансувдын Мөнх-Эрдэнэ 1/8 шигшээд өнгөрсөн жилийн 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт Молдавын Максим Сакулцанд 1:5-аар ялагдлаа.
Эрэгтэйчүүдийн -79кг жинд Д.Батзул:
“Хасу-Мегастарс” клубийн тамирчин, спортын мастер Д.Батзул эхний барилдаанаа 2016 оны өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл медальт Казахстаны Диас Аскаровтой хийж 5:1-ээр яллаа.
1/8 шигшээд Словакийн Якуб Сикораг оноогоор цэвэр (12:2) ялснаар шөвгийн наймд шалгарлаа.
Д.Батзул 1/4 шигшээ барилдаанд Энэтхэгийн Веер Дев Гулиад ялагдлаа. Хагас шигшээд Энэтхэгийн бөх ялагдал хүлээсэн тул Д.Батзул дагах боломжгүй боллоо.
Эрэгтэйчүүдийн -97кг жинд Э.Батмагнай:
“Монголиа Опен” ОУТ-ий хүрэл, Роман Дмитриевийн ОУТ-ий хошой хүрэл, өсвөр үе, залуучуудын улсын хошой аварга, Баянхонгор аймгийн тамирчин, спортын мастер Э.Батмагнай энэ жилийн залуучуудын Пан-Америкийн АШТ-ий мөнгөн медальт Канадын Ихиот Сингх Рандавад нэг онооны зөрүүтэй ялагдлаа. Манай бөх тус барилдаанд 0:9-өөр ялагдаж яваад найман оноо дараалан авсан ч эцсийн үр дүнд 9:10-аар дийлдэв.